Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд дарангуйлагчийн хүү ялж байна

img

Хар тамхичдыг хөнөөхийг зөвшөөрч, сөрөг хүчний хэвлэлүүдийг хаасан Дутертег Ерөнхийлөгчөөрөө сонгож байсан филиппинчүүд дахин нэг "өвөрмөц" сонголт хийлээ. Энэ улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулиар "Бонгбонг" Маркос ялалт байгуулахуйц санал авсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

"Бонгбонг" Маркос нь 1986 онд филиппинчүүд түлхэн унагасан дарангуйлагч Фердинанд Маркосын хүү аж. Сонгуулийн дүнг хараахан тоолж дуусаагүй байгаа бөгөөд урьдчилсан мэдээллээр дарангуйлагчийн хүүг ялалт байгуулсан байна. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдвол одоо бүрэн эрхэт хугацаа нь дуусаж байгаа Дутертегийн охин дэд ерөнхийлөгч болох гэнэ. 

 

Өдгөө 64 настай, "Бонгбонг" хочит  Фердинанд Маркос Филиппинийг 21 жил захирсан дарангуйлагч Фердинанд Маркосын хүү юм.  Том Фердинандыг эрх барьж байх үед энэ улсад цэргийн дэглэм тогтож, шүүх, хэвлэл мэдээлэл, хувийн компаниудыг засгийн газар хяналтдаа авч байжээ. Арми болон цагдаагийнхан тэрс үзэлтэн гэж буруутган олон мянган хүнийг баривчлан, ихэнхийг нь тамлаж байсан гэнэ.

 

Тэргүүн хатагтай Имельда Маркос ч нөхрийнхөө авлигын схемд оролцож, ойрын хүрээллийнхнийхээ хамтаар улсын хөрөнгөөс 10 тэрбум орчим доллар хулгайлж байжээ. Бага Маркосын ээж, тэргүүн хатагтай асан Имельда Маркос үнэтэй гоёл чимэглэл, дизайнерын туфли ихээр цуглуулдгаараа алдартай.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ