Дайны уршиг: Украины эдийн засгийн хохирол 600 тэрбум доллараар үнэлэгдэж байна

img

Орос, Украины хооронд дайн дэгдээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Украины олон хот суурин цохилтод өртөж, ихээхэн хор хохирол учраад байгаа юм. 

 

Тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Украины 27 газрын тосны бааз эвдэрч, сүйдсэний улмаас 227 сая долларын хохирол учирсан гэж "Орос төлнө" төслийнхөн тооцоолсон байна. Одоогоор баримтаар нотлогдсон, дэд бүтцийн хохирлын нийт хэмжээ 94 тэрбум долларыг даваад байгаа аж. 

Энэ төслийнхний сүүлийн үеийн тооцооллоор, дайны улмаас 35,2 сая кв.метр орон сууц эвдэрч, нийтдээ 31 тэрбум долларын хохирол учиржээ.  Өмнөх тооцоололтой харьцуулахад энэ үзүүлэлт 1,3 тэрбум доллараар нэмэгджээ. Орон сууц хамгийн их сүйдсэн хотууд нь Мариуполь, Харьков, Чернигов, Сумы, Рубежное аж.

 

Дайны хугацаанд эвдэрсэн эсвэл сүйдсэн сургалтын байгууллагуудын тоо мянга орчим болж, үүнээс үүдсэн хохирол 1,3 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа гэнэ. Мөн 208 үйлдвэр, 508 эмнэлгийн байгууллага, 562 хүүхдийн цэцэрлэг, 295 гүүр, 156 агуулах, 102 шашны байгууламж, 83 захиргааны барилга, 27 газрын тосны бааз, 12 иргэний нисэх буудал эвдэрч, сүйджээ. 

 

Украины Эдийн засгийн яамны тооцоолсноор, дайны улмаас энэ улсад учирсан шууд болон шууд бус ( ДНБ буурсан, хөрөнгө оруулалт тасалдсан, ажиллах хүчнээ алдсан, батлан хамгаалах болон нийгмийн халамжид үзүүлэх нэмэлт зардал) хохирол нийлээд 564-600 тэрбум доллар орчимд хэлбэлзэж байгаа аж.

 

Хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж буй энэ дайн хэзээ дуусах, үүнээс үүдсэн хохирол хичнээн тэрбум ам.доллараар хэмжигдэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Барууны орнууд Украинд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ дайн дууссаны дараа энэ улсыг сэргээн босгоход тусламж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсээр байна. Түүнчлэн дайн өдөөгч Оросын царцаасан хөрөнгийг Украиныг сэргээн босгоход ашиглах ёстой гэсэн санал, санаачилга улам ихээр яригдах болсон. Тухайлбал, Канад улс Оросын царцаасан хөрөнгийг Украины сэргээн босголтод зарцуулах шийдвэр гаргах анхны улс болох бол АНУ ч мөн ийм алхам хийхэд бэлэн байгаа талаар NBC мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ямар ч асуудалгүй:
Оросын баруунд царцаасан хөрөнгөнөөс сужутгачихна. Үлдсэнийг нь Оросын ард иргэд төлнө. Яах гэж дайн хийсэн юм, төлбөрөө төлж л таараа
2022-05-12