COVID-19-ийн анхны тохиолдол илэрсэн гэж Хойд Солонгос зарлав

Хойд Солонгост коронавирусийн халдварын "анхны тохиолдол" илэрсэн гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэнийг Ёнхап агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, тавдугаар сарын наймны өдөр авсан коронавирусийн шинжилгээгээр Пхеньяны оршин суугчдаас омикрон хувилбарын халдварын тохиолдлууд илэрсэн гэнэ. Үүний дараа "дээд зэргийн онц байдал"-ын горим зарласан байна. Шинжилгээгээр хичнээн хүнээс халдвар илэрсэн талаар тодорхой мэдээлээгүй аж.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун вирусийн тархалтыг зогсоохыг тушааж, "гэнэт үүссэн хямралыг" улс орон нь даван гарна хэмээн мэдэгджээ.
"Бүх хот, сууринг хаа, хортой вирус тархах замыг найдвартайгаар хаа. Бид гэнэт үүссэн хямралыг даван, ялах нь гарцаагүй" пүрэв гарагт зарлан хуралдуулсан, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны хурлын үеэр Ким Жон Ун мэдэгджээ. Түүнчлэн улсын хил дээрх хяналтыг чангатгахыг тушаасан байна.
Цар тахал бүртгэгдсэнээс хойш БНАСАУ-д халдварын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй гэж энэ улсын эрх баригчид баталсаар ирсэн юм. Тиймдээ ч олон улсын шугмаар вакцин хүлээн авахаас ч татгалзаж байлаа. 2020 оны долдугаар сард энэ улсад коронавирусийн халдварын сэжигтэй анхны тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл гарч байсан ч энэ тохиолдол батлагдсан эсэх талаарх мэдээлэл цаашид гараагүй.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ