"Үсэг булаацалддаг" эцэг эхчүүдийн буруу хандлага

Сүүлийн өдрүүдэд нэгдүгээр ангийн үсэглэлийн баяраар хүүхдээ”А” үсэг болгох эрхийг нь эцэг эхчүүд нэг сая төгрөгөөр худалдаж авдаг гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Уг мэдээлэл иргэдийг талцуулж маргаан үүсгээд байгаа юм. Нэг хэсэг нь үсэглэлийн баяраар ямар үсэг болох нь ирээдүйд нь чухал ач холбогдолтой бөгөөд “А” үсэг болсноор бусдаас илүү хариуцлагатай, боловсролтой, өөртөө итгэлтэй болж төлөвшихөд нь тусалдаг гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь үсэглэлийн баяраар ямар үсэг болох нь амьдрал, сурлагад ямар ч нөлөөгүй хэмээн талцаж байна. Тэдний маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Иргэд үсэглэлийн баяраар ямар үсэг болж байснаа, тухайн үсэг нь өнөөдрийн амьдралд нь нөлөөлж байгаа эсэх талаар бичсээр л байна.
Нэгдүгээр ангид элсэн суралцсан зургаан настангууд уншиж, бичиж, бодож, сурснаа аав ээж, эмээ, өвөө гэр бүлийнхэндээ шалгуулж, 35 үсгээ бүрэн гүйцэд судалж дууссаны баяраа тэмдэглэж үсэглэлийн баяр хийдэг. Ингэхдээ тэд 35 үсэг болж, тод чангаар дөрвөн мөртүүдийг уншдаг. Энэ нь 35 үсгээ бүгдийг нь сурч, анги дэвшин суралцах болсон гэдгээ баталж буй хэрэг.
Эцэс сүүлдээ энэ маргаан Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Үсэглэлийн баяраар үсгийг сугалаагаар тохируулах хуулийн төсөл өргөн барьсан” гэх мэдээллээр хүч нэмэв. Уг мэдээлэл утгагүй худал мэдээлэл гэдгийг салбарын сайд ч цахим хуудаснаа бичив.
Яг үнэндээ ямар үсэг болох нь чухал зүйл биш. Хамгийн гол нь тухайн сурагч 35 үсгийг бүгдийг нь сурч мэдсэнд үсэглэлийн баярын утга учир оршдог гэсэн үг. Үсэглэлийн баяраар хэн ямар үсэг болохыг ангийн багш шийднэ. Өөр хэн ч биш. Эцэг эхчүүдэд үүнд оролцох эрх байхгүй. Ямар ч үсэг болсон ялгаагүй. Хамгийн гол нь тухайн сурагч 35 үсгээ бүрэн гүйцэд судалж, сурсан эсэх нь чухал.
Тиймээс эцэг эхчүүд та бүхэн нэгдүгээр ангийн сурагчдад буруу хандлага суулгаж, өөрийн өнгөц бодлоор хандахгүй байхыг хүсье. Хэний хүүхэд ямар үсэг болох нь чухал биш. Хамгийн гол нь таны хүүхэд цагаан толгойн 35 үсгээ бүрэн гүйцэд сурсан эсэх нь чухал юм.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ