Хар дарсан зүүднээсээ болж хулгайлсан бурхнаа эргүүлэн өгчээ

Энэтхэгийн Мумбаи хотод бүлэг хулгайч индуисийн сүмийг тонож, тэндээс алтан бурхад болон шашны эд зүйл хулгайлаад зугтжээ. Харин үүнээс долоо хоногийн дараа хулгайлагдсан эд зүйлсийн ихэнхийг сүмийн тэргүүний гэрийн гадаа орхисон байсан талаар India Times мэдээлсэн байна.
Хулгайлсан эд зүйлсийн хамт нэгэн зурвас байсан бөгөөд хулгай хийснээс хойш хар дарж зүүдлэх болсны улмаас хулгайлсан эд зүйлээ эргүүлж өгөхөөс аргагүй болсон гээд үйлдсэн хэргийнхээ төлөө өршөөл хүссэн байсан гэнэ.
"Бид унтаж чадахгүй, тайван амьдрах ч боломжгүй болсон. Шөнө бүр хар дарж зүүдлэж байгаа тул танай үнэт зүйлсийг эргүүлэн өгч байна" хэмээн зурвас дээр бичсэн байжээ.
Энэтхэгийн Мумбаи хотын цагдаагийнхны мэдээлснээр, эргүүлэн өгсөн шашны эдлэлийн дунд найман үнэт металлаар цутгаж хийсэн 5 кг жинтэй бурхан, түүнчлэн бурхдын гоёл болох үнэт мөнгөн гоёл чимэглэлүүд байсан гэнэ. Одоогоор хулгай хийсэн этгээдүүдийг олоогүй байгаа, гэхдээ тун удалгүй гэм буруугаа хүлээн сүмд ирнэ гэж сүмийнхэн үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ