ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа халдсанаас хойш дөрөв дэх хоногт буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч талуудын хооронд анх удаа хэлэлцээ болж байсан. Үүнээс хойш хэдэнтээ биечлэн болон цахимаар уулзаж, хэлэлцээ хийж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй, дөрөвдүгээр сараас хойш хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Ийнхүү хэлэлцээ зогсоход хоёр тал нэгнээ буруутгаж байлаа. Энэ удаад ч Оросын тал Украиныг хэлэлцээг зогсоосон хэмээн буруутгажээ.
Тодруулбал, хэлэлцээний явцыг Украины тал зогсоосон, харин ОХУ баримт бичгүүд дээр ажиллахад бэлэн хэмээн Оросын хэлэлцэгчдийн бүлгийн ахлагч Владимир Мединский мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.
"Бид хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн. Гэхдээ энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх "бөмбөг" Украины талд байгааг дахин цохон тэмдэглэе. Хэлэлцээг царцаасан нь Украины санаачилга байсан" хэмээн Мединский мэдэгджээ.
Мединскийн өгүүлснээр, гуравдугаар сарын 29-ны өдөр Туркийн Стамбул хотноо болсон хэлэлцээний үеэр Украины санал болгосон хэлэлцээрийн төсөлд Оросын хэлэлцэгч бүлэг бичгээ хариу өгсөн гэнэ. Ийм хариу өгсний дараа л Украины талаас хэлэлцээг зогсоосон хэмээн Мединский мэдэгджээ.
Түүнчлэн Орос, Украины төрийн тэргүүнүүдийн уулзалт болох боломжтой, гэхдээ үүний тулд "дээд зэргээр бэлэн болсон баримт бичгүүд" шаардлагатай хэмээн Мединский мэдэгдсэн байна.
Эргэн сануулахад, сөргөлдөгч талуудын хамгийн сүүлийн хэлэлцээ гуравдугаар сарын 29-ний өдөр Туркийн зуучлалаар Стамбул хотноо болсон юм. Энэ уулзалтыг Оросын тал "цогц хэлэлцээ боллоо" хэмээн дүгнэж байв. Түүнчлэн Украины тавьсан саналуудыг "ойрын үед авч хэлэлцэн, ерөнхийлөгчид мэдэгдээд, зохих хариугаа өгнө" хэмээн Мединский мэдэгдэж байлаа.
Стамбулд болсон хэлэлцээгээр талууд Крым, Донбассын асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцсон юм. Хэлэлцээгээр Украины тал дараах саналуудыг тавьсан гэж хэвлэлүүд мэдээлж байлаа:
ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Мединский Украины тавьсан саналыг тохиролцоонд хүрэх цогц алхам хэмээн нэрлэж, Орос улс саналуудыг хэлэлцээд зохих хариуг өгнө хэмээн мэдэгдэж байлаа. Гэсэн ч тэр үеэс хойш талуудын хэлэлцээ зогсонги байдалд орсон юм.
Г.Бямбасүрэн