"Путин чөтгөр" гэж хашгирсан сурагчийн ээжид хариуцлага тооцож, охиноор уучлалт гуйлгуулжээ
ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Дагестаны нэгэн сургуулийн хонхны баярын үеэр сурагч охин дайн эсэргүүцсэнийг харуулсан бичлэг Телеграм сүлжээгээр хурдацтай тархсан.
Төгсөгч охин хонхны баярын үеэр үг хэлэхдээ "Украинд эрх чөлөө! Путин чөтгөр" хэмээн хашгирсан юм. Украины эсрэг дайнд оролцож, амиа алдсан цэргүүдийнхээ тоогоор тэргүүлж буй Дагестаны сурагч охины энэ үйлдлийг харуулсан бичлэгийг анх Оросын Republic медиа төслийн Ерөнхий редактор Дмитрий Колезев түгээсэн байна.
"Дайныг эсэргүүцэж байна! Украинд эрх чөлөө! Путин чөтгөр" хэмээн хашгирсан охин нь Избербашийн №11 сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Зухра Альбекова аж. Энэ хэргийн дараа сурагч охины эсрэг "ОХУ-ын армийн нэр хүндийг гутаасан" гэсэн зүйл ангиар протокол үйлдсэн бөгөөд торгууль оноохоор зэхэж байгаа, охины ээжийг хүүхдээ хүмүүжүүлэх эцэг эхийн үүргээ биелүүлээгүй гэж захиргааны протокол үйлдсэн гэх мэдээлэл Оросын хэвлэлүүдээр тархжээ.
Түүнчлэн "Дагестанские и Zвестия" гэх орон нутгийн Телеграм суваг дээр охин хийсэн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйж байгаа бичлэгийг байршуулсан байна. Энэ бичлэг дээр сурагч охины ээж "цэргийн ажиллагаа болон Путинийг дэмжиж байгаа"-гаа илэрхийлсний дээр, охиныхоо хүмүүжилд анхаараагүйдээ уучлалт гуйжээ.
Охин болон түүний ээж энэ бичлэг дээр тайлбар өгөхдөө, охин шалгалтандаа санаа зовж сандарч байсан, мөн ээжтэйгээ хэрэлдсэний улмаас бодлогогүй үйлдэл хийсэн хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ