Британичууд хатан хааныхаа ойг тэмдэглэж байна

img

Их Британи болон бусад орнуудад хатан хаан II Елизавета хаан ширээнд суусны 70 жилийн Цагаан алтан ойг тэмдэглэж байна. Энэ нь Британийн түүхэнд тохиож буй анхны Цагаан алтан ой юм. 

 

Хатан хааны ойд зориулан орон даяар пүрэв гарагаас эхлэн ням гараг хүртэл амрах бөгөөд энэ үеэр ёслолын арга хэмжээ, олныг хамарсан гадаа талбайн цугларалт, баяр болох аж.

 

Пүрэв гарагт ёслолын хүрээнд зохион байгуулах эхний арга хэмжээ нь хатан хааны гвард Букингемийн ордноос Уайтхолл хүртэл марш алхаж, туг залах ёслол байлаа. Пүрэв гарагийн өглөө 10.00 цагт эхэлсэн ёслолын арга хэмжээнд нийт 1,5 мянган цэрэг, офицер, 350 агт морь оролцжээ.

 

Маршийн дараа Хатан хааны Агаарын цэргийн хүчний 70 онгоц оролцсон агаарын шоу болсон байна. Онгоцууд Хойд тэнгисийн дээр цугларч, дараа нь нийслэлийг зорин, Букингемийн ордны дээгүүр нисэж өнгөрчээ. 

 

Энд дуулгахад, Хатан хааны  Цагаан алтан ой нь Британийн хааны гэр бүлд тохиож буй онцгой үйл явдал юм. Өмнө нь Британийн хаадаас хэн нь ч ийм удаан, 70 жилийн туршид хаан ширээнд сууж байгаагүй аж.

 

Хатан хаан II Елизавета өмнөх дөрвөн хааны төр барьсан хугацааг нийлүүлснээс ч удаан хугацаанд хаан ширээнд сууж байгаа юм. Энэ хугацаанд Британийн ерөнхий сайд 14 удаа солигдож, мөн тооны Ерөнхийлөгч АНУ-д сонгогджээ.

 

Түүнээс өмнө, хатан хаан Виктория л өнө удаан төр барьж байсан бөгөөд тэрбээр 63 жил хаан ширээнд заларсан юм. Харин нийт дэлхийн хаадын дундаас хамгийн удаан төр барьсан нь 72 жил хаан ширээнд XIV Людовик аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ