Аюултай Е тэмдэглэгээ буюу хүүхдүүд чипсэнд донтдог

Хүнсний нэмэлт маш олон төрөл байдаг. Будагч, нөөшлөгч, антиоксидант, хүчиллэгийг тохируулагч, тогтворгүйжүүлэгч, өтгөрүүлэгч гэх мэт маш олон янз. Олон улсын тоон систем хүнс үйлдвэрлэгчдийг хүнсний бүтээгдэхүүнд орсон нэмэлтүүдийг дөрвөн оронт кодоор илэрхийлэхийг үүрэг болгодог. Энэ код нь хүнсний бүтээгдэхүүний сав баглаан дээр “Е+ тоо” гэсэн байдлаар илэрхийлэгддэг юм.
Шошгыг анхааралтай уншицгаая
Зарим шошгон дээр “натуралт бүтээгдэхүүнтэй адил” гэж бичсэн байдаг. Үүнийг уншаад төөрөлдөх хэрэггүй, энэ нь мөн л нийлэг аргаар гарган авсан, байгалийн бус бүтээгдэхүүн гэсэн үг.
Зохиомлоор гарган авсан нэмэлтүүд нь байгаль дээр байдаггүй, гэхдээ аливаа бүтээгдэхүүний амт, өнгө, үнэрийг дуурайлган гаргаж чаддаг бодисууд юм. Ийм бодисуудад нэн болгоомжтой хандах хэрэгтэй.
Сөрөг нөлөө
Байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн хүнсний нэмэлтүүд ч химийн боловсруулалтад ордог тул хүний биед тийм ч тустай биш гэж эмч нар анхааруулдаг. Маш олон төрлийн нэмэлтүүдээс хамгийн хортой нэмэлтүүдийг танилцуулъя.
• E131, E142, E210–217, E239, E330 нь хорт хавдар үүсгэг бодисууд;
• E220 нь В12 витаминыг устгадаг;
• E221–226 – ходоод гэдэсний замын үйл ажиллагааг алдагдуулдаг;
• E230, E231, E233-арьсанд сөрөг нөлөөтэй;
• E338, E340, E341, E407, E450, E461–463, E466, E468 –хоол боловсруулах явцыг алдагдуулна;
• E311, E312 тууралт үүсгэнэ;
• E320, E321 –холестерин ихтэй.
Хүүхдүүд ихээр иддэг чипсэнд хорт хавдар үүсгэгч бодис ихээр агуулагдсан байдаг. Учир нь төмсийг шаржигнасан, амттай болгохын тулд Е621 буюу натрийн глукомат зэрэг олон бодис ашигладаг байна.
Е621 нь амтыг хүчтэй болгодог нэмэлт бөгөөд энэ нэмэлтийг ашигласан хүнс хэрэглэсэн, чипс идсэн хүүхдүүд амтанд нь донтож, жирийн төмс идэхгүй, гагцхүү чипсээ нэхдэг болдог гэнэ.
Хатуу хориглосон нэмэлтүүд
Жимсний хадгалалтын хугацааг уртасгахын тулд ашигладаг Е230, Е231 болон Е232 нэмэлтүүд нь “фенол” гэх нэртэй. Энэ бол бие организмыг хордуулах хорт бодис юм.
Тиймээс ногоо жимсний хальсыг арилгахын өмнө сайтар угаахыг эмч нар зөвлөдөг. Гадил, жүрж зузаан хальстай, жимсийг хамгаалахуйц мэт санагдсан ч хальсалж идэхийнхээ өмнө заавал угаахыг мэргэжилтнүүд анхааруулдаг юм.
Хоргүй нэмэлтүүд
Хортойн зэрэгцээ хоргүй хүнсний нэмэлтүүд ч бий. Тухайлбал Е338.
Е338 нь антиоксидант бөгөөд өөрөөр хэлбэл бие организмд хортой эд эс үүсэх, хөгшрөхөөс сэргийлж байдаг.
Харин Е450 бол фосфатууд. Эдгээр нь хүний ясыг бэхжүүлэхэд чухал.
Будагч бодисууд ч бүгд хортой байдаггүй. Тухайлбал Е163 нь усан үзэмний хальснаас гарган авсан байдаг. Мөн E120 ч хүнсэнд агуулагдсан байлаа гээд хүний биед ямар нэг хоргүй.
Тунг нь тааруул
Хүнсний бүтээгдэхүүний саван дээрх шошгыг хараад цочирдох хэрэггүй. Тухайлбал давс, элсэн чихэр бол аюулгүй нэмэлтүүд. Гэвч тунг нь тааруулж хэрэглэхгүй бол эрүүл мэндэд хор учруулж мэднэ.
Хортой нэмэлтүүд ч үүнтэй адил. Багахан тунгаар эдгээр нэмэлтүүд биенд онц сөрөг нөлөө үзүүлэхгүй, бие организм өөрөө цэвэрлэчихэж чаддаг.
Тиймээс хүнсний нэмэлтүүдтэй бүтээгдэхүүнийг нэг дор олноор нь хэрэглэх хэрэггүй. Түүнчлэн өвдсөн үедээ хүнсний нэмэлттэй хүнсний бүтээгдэхүүн ашиглаж болохгүй. Учир нь хүний бие өвдсөн үед организм химийн бодисыг саармагжуулахад хүндрэлтэй байдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ