Британийн тагнуул: ОХУ 100 өдрийн дотор стратегийн ямар ч зорилгодоо хүрсэнгүй

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин " тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми Украин руу дайрснаар өнөөгийн дайн эхэлсэн. Өнөөдөр буюу зургадугаар сарын гуравны өдөр дайн эхэлсний 100 дахь өдөр тохиож байна.
Энэ 100 өдрийн хугацаанд Орос улс Украинд нэг ч стратегийн зорилгоо биелээгүй гэнэ. Ийм мэдэгдлийг Британийн Батлан хамгаалах яамны тагнуулын тайланд багтаасныг Евроньюс мэдээлжээ.
Британийн тагнуулынхны үзэж байгаагаар Оросын цэргүүд Киевийг эзлэн авах гэсэн анхдагч зорилгодоо хүрч чадаагүй гэнэ. Оросын армийн давшилтыг Украинчууд сөрөн зогсож, улмаар эхний 24 цагийн дотор оросууд Гостемлийн нисэх буудлыг эзлэн авч чадаагүй гэж тагнуул онцолжээ.
Төлөвлөгөө гаргахдаа алдаа гаргаж, тактик гүйцэтгэл нь муу байсны улмаас анхдагч төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн Орос улс Донбасст гол анхаарлаа төвлөрүүлэх шуурхай төлөвлөгөө зохиосон гэж Британийн тагнуул үзэж байгаа аж. Оросын арми Донбасст тактикинй амжилт гаргасан хэмээн тайланд өгүүлжээ. Одоо Лугаснк мужийн 90 хувийг Орос улс хянаж байгаа бөгөөд ойрын хоёр долоо хоногт бүрэн хяналтаа тогтоож магадгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ