Бангладешийн хувцасны агуулахад дэлбэрэлт болж, 40 хүн амиа алджээ

img

Бангладешийн Читтагонг хотын ойролцоо байх Ситакунда хэмээх чингэлгүүдийн агуулахад гал түймэр гарч, улмаар дэлбэрэлт болсноор 40 хүн амиа алдаж, зуу гаруй хүн шархадсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Энэ харамсалтай хэрэг зургадугаар сарын дөрөвний өдөр болсон байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, агуулахад гарсан галыг унтраахаар олон зуун гал сөнөөгч ажиллаж байх үеэр дэлбэрэлт болжээ. Гал түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй, гэхдээ зарим чингэлэгт шатамхай химийн бодис хадгалагдаж байсан байж болзошгүй гэж Бангладешийн эрх баригчид үзэж байгаа аж.

 

Энэ гал түймэр, дэлбэрэлтийн улмаас 40 хүн амиа алдаж, олон хүн шархадсан бөгөөд орон нутгийн эмнэлгүүд шархадсан хүмүүсээр дүүрсэн байна. Шархадсан хүмүүст цус сэлбэх шаардлагатай байгаа тул нутгийн оршин суугчдыг сайн дураар цусаа хандивлахыг эрх баригчид уриалжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн ихэнх нь биеийн байдал тун хүнд байгаа тул амиа алдах хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй гэж эмч нар эмээж байгаа аж.

 

Хэргийн газарт аврах ажиллагаа ням гарагт ч үргэлжилж, сайн дурынхан агуулахын нуранган доороос амиа алдагсдын цогцосыг гаргасан байна. Дэлбэрэлтийн улмаас таван гал сөнөөгч гэмтжээ. Мөн сураггүй болсон хүмүүсийн тоонд хэд хэдэн сэтгүүлч байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлтийн чимээ хэдэн километрийн цаанаас ч сонсогдохоор хүчтэй байсан бол ойролцоох байшингуудын цонх дэлбэрэлтээс үүссэн долгионы улмаас хагарсан байна. Тэнгисийн эрэг дээр байх энэ агуулахаас гарсан химийн бодисыг далайн ус руу алдахгүйн тулд армийг дайчилжээ. 

 

Ситакунда агуулахад гал түймэр гарах үеэр энд 4000 орчим чингэлэг байсан гэнэ. Энэ агуулах нь Бангладешийн хоёр дахь том хот болох Читтагонга хотын боомтоор дамжин өнгөрдөг чингэлгүүдийг буулгах цэг болдог аж. Эдгээр агуулахуудад барууны орнууд руу экспортлох хэдэн сая долларын үнэ бүхий хувцас байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ