Оросын генерал байлдааны ажиллагааны үеэр амиа алджээ

Ням гарагт Украины төдийгүй Оросын хэвлэлүүд Оросын армийн хошууч генерал Роман Кутузовыг Луганск муж дахь Попасная хотын орчимд байлдааны ажиллагааны үеэр амиа алдсан хэмээн мэдээллээ.
Кутузов генералын үхлийн талаар Украины УНИАН мэдээллийн агентлаг, Оросын хэд хэдэн сайт, телеграм суваг мэдээлсэн хэмээн ВВС агентлаг дамжуулжээ. Түүнийг амиа алдсаныг баталгаа болгож хэвлэлийнхэн Дмитрий Саблины постыг иш татсан байна. Дмитрий Саблин "Найзыгаа алдах хүнд юм. Дайчин Романы алдар мөнхжиг" гэсэн постыг олон нийтийн сүлжээнд оруулжээ.
"Военный осведомитель" телеграм суваг мэдээлснээр, хошууч генерал Кутузов өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын Попаснянскийн районы Николаевка суурингийн ойролцоо байлдааны үүргээ биелүүлэх явцдаа амиа алджээ. Кутузов амиа алдсан бүс нутгийг одоо Оросын цэргүүд болон БНЛАУ-ын цэргүүд хяналтдаа байлгаж байгаа юм.
РБК-Украина хэвлэлийн мэдээлснээр, Роман Кутузов дайнаас өмнө Уссурийскад байрладаг тавдугаар ерөнхий цэргийн армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч байсан бол Украинд дайн эхэлснээр Бүгд Найрамдах Донецк Ард Улсын армийн корпусыг командалж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ