NYT: ОХУ-ын алтны нөөцийг хадгалахын тулд вагнерчууд Африкаас алт олборлож байна

Оросын олигархи Евгений Пригожиний "Вагнер" хувийн цэргийн компани Суданд алт олборлож байгаа гэнэ. Энэ нь Оросын алт валютын нөөцийг хууль бусаар нөхөх, Барууны эдийн засгийн хоригууд Оросын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой гэж New York Times сонин мэдээлжээ.
Эрэн сурвалжлах нийтлэл бэлтгэх хүрээнд сэтгүүлч Орос болон Суданы гаалийн байцаагчдын тэмдэглэл, офшор компаниудын бүртгэлийн баримт бичгүүд, Суданы эрх баригчид олгосон алтны ордын олборлолтын концессын гэрээ, "Вагнер" группийн тэргүүн Пригожиний онгоцны бүртгэлийн тэмдэглэлүүдийг олж авсан гэнэ.
Эдгээр баримт бичгүүд болон барууны төдийгүй Суданы засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Пригожиний вагнерчууд Судан дахь алт олборлолтыг нууцаар хянаж байгааг сэтгүүлчид илрүүлжээ. Барууны албан тушаалтнуудын үзэж байгаагаар Суданаас олборлосон алтыг хууль бусаар, мөнгө угаах замаар Орос руу зөөж, ингэснээр Оросын алт валютын нөөцийг нууцаар нөхөж байгаа гэнэ.
ОХУ Суданд үйл ажиллагаа явуулах болсон нь 2017 оноос эхтэй. Тухайн үед Суданы Ерөнхийлөгч Омар Хасан аль-Башир Путинтэй уулзахаар Сочи хотноо ирж байв. Суданы Ерөнхийлөгч тухайн үед улс орондоо нөлөөлөл, эрх мэдлээ алдсан байсан тул Оросоос зэвсгийн тусламж хүсэн, оронд нь ашигт малтмалын орд газар, тэнгисийн эрэг, Суданы хил орчимд хүрэх гарцыг амлаж байжээ.
Энэ уулзалтын дараагаас л Суданд Оросын эрдэс судлалын мэргэжилтнүүд нисэж очсон байна. Мөн үүний дараа Оросын цэргийн офицерүүд Суданд ирж, Улаан тэнгисийн эрэг дээрх тэнгисийн боомтуудыг хянаж эхэлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ