Украины Мелитополь хотын сургуулиуд орос хэлээр хичээл ордог болно

img

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр эхлүүлсэн байлдааны ажиллагааны явцад Украины Херсон, Запорож гэсэн хоёр мужид хэсэгчилсэн хяналт тогтоосон. Улмаар энэ хоёр мужид Оросын паспорт олгох, үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх, мужуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх ажлуудыг зохион байгуулсаар байгаа юм. Энэ удаад боловсролын системийг нь Оросынхтой ижил болгохоор шийджээ. 

 

Тодруулбал, Запорож мужийн төв Мелитополь хотод ирэх хичээлийн жилээс эхлэн сургуулиуд таван онооны системд шилжин, орос хэл дээр сургалтаа явуулахаар болсон байна. Энэ талаар хотын цэрэг-иргэний захиргааны тэргүүн Галина Данильченко мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

"Есдүгээр сарын нэгнээс эхлэн манай хүүхдүүд сургуульдаа явна. Хүүхдүүдийн хичээл гурван сарын хугацаанд тасалдсан ч сурагчдыг сургалтын хөтөлбөрөө дүүргэж, дээд сургуульд элсэн орох нөхцөлийг хангахын тулд бид хичээсэн. 2022 оны есдүгээр сарын нэгнээс эхлэн хүүхдүүд үнэлгээний таван оны системтэй, орос хэл дээр хичээлүүдээ үзнэ" хэмээн Галина Данильченко мэдэгджээ.

 

Өмнө нь тэрбээр мэдэгдэл хийхдээ Запорож муж ОХУ-д нэгдэх санал асуулга явуулахаар бэлдэж байгаа талаар онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ