Украин урвагчидтай холбоотой 480 хэрэг үүсгэжээ

Украины Мөрдөн шалгах товчоо Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины иргэд Оросын таллтай хамтран ажилласантай холбоотой 480 хэрэг үүсгэсэн талаар "Украины үнэн" сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 100 хэрэгт албан ёсоор сэжигтнийг тогтоож, дөрвөн яллах дүгнэлтийг шүүхэд шилжүүлсэн бол гурван хэрэгт ял шийтгэл оноосон байна.
Ял сонссон гурван хүн нь 2014 онд ОХУ Крымийг эзлэн авахад Оросын армид орж, дараа нь энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн байлдааны ажиллагаанд оролцож байгаад олзлогдсон Украины цэргүүд гэнэ. Нэг нь хээрийн холбооны радио төвд алба хааж байсан ахмад бөгөөд тэрбээр улсаасаа урвасныхаа төлөө 15 жилийн хорих ял сонсжээ. Үлдсэн хоёр нь тус бүр 14 жилийн ял эдлэхээр болсон байна.
Түүнчлэн Святогорск хотын дарга Владимир Бандурын эсрэг төрөөс урвасан хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Тэрбээр нэгэн бичлэг дээр Украины цэргүүдийг буруутгасан мэдэгдэл хийсэн бөгөөд хэвлэлийнхэн үүнийг олзлогдож, хүчээр ийм үг хэлсэн байж болзошгүй хэмээн мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ