АНУ, Энэтхэг Хималайд цэргийн сургуулилалт хийнэ

Энэтхэг болон АНУ 3000-аас дээш өндөрт цэргийн ажиллагаа явуулах бэлтгэлийг хангах үүднээс Хималайд хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар АНУ-ын Номхон далайн армийн командлагч Чарльз Флиннээс авсан эх сурвалжтайгаар NDTV мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр "өндөр уулын нөхцөлд цэргийн ажиллагааны бүхий л цар хүрээг хамарсан хамтарсан бэлтгэл" хийх зорилгоор сургуулилалтыг явуулах гэнэ. Сургуулилалт Хималайн чухам хаана болох талаарх мэдээлэл гараагүй байна. Энэ сургуулилалтын дараа Энэтхэгийн цэргийн алба хаагчид Аляскад очин хүйтэн цаг агаарын нөхцөлд бэлтгэл хийх аж.
Хоёр талын хамтарсан сургуулилалтын тухай шийдвэр Хятад улс Ладакх хилийн шугамын дагуу гүүр барихаар болсон тухай мэдээллийн дараа гарч байгаа нь шинжээчдийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. Ладакх нь Хятад, Энэтхэгийн хоорондын маргааны цэг болсон. Учир нь Хималайн нуруун дээр энэ хоёр улсын хоорондын хилийг нарийн тодорхойлоогүйн улмаас олон жилийн туршид газар нутгийн маргаан гарч, улмаар зэвсэгт сөргөлдөөн ч үе үе гардаг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ