Путин өөрийгөө I Петр хаантай зүйрлэв

Хоёрдугаар сард Украин руу халдах тушаал өгсөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөгийн үйл явдлыг I Петр хааны үеийн үйл явдалтай зүйрлэж, Оросын зорилго бол нутаг дэвсгэрээ "эргүүлэн авах" хэмээжээ. Тэрбээр энэ талаар пүрэв гарагт Орост тэмдэглэсэн Петр хааны 350 жилийн ойн үеэр мэдэгдсэн байна.
"Бид өөрсдийгөө хамгаалахаас аргагүй, үүний төлөө тэмцэхээс аргагүй болж байгаа нь илэрхий зүйл. Бид сая I Петр хааны 350 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг сонирхлоо. Бараг юу ч өөрчлөгдөөгүй байна. Гайхмаар! I Петр хаан 21 жилийн туршид Умардын дайныг явуулсан. Тэнд Шведтэй байлдаад, газар нутаг булаан авсан санагдах байх. Гэхдээ юу ч булаан аваагүй! Тэр эргүүлэн авсан! Үнэн байдал ийм! Петербургийг байгуулсан тэр газрыг Европын нэг ч орон Оросынх гэж хүлээн зөвшөөрч байгаагүй, бүгд л Шведийнх гэж үзэж байсан. Харин тэнд зуун зууны туршид фин-угорийн ард түмний зэрэгцээ славянчууд амьдарч байсан. Нутаг дэвсгэр нь Оросын төрт улсын хяналтад байсан юм шүү. Баруун чиглэлд ч мөн адил. Тэр нутаг дэвсгэрээ эргүүлэн авсан. Ийм л зүйл хийсэн юм<...> Бидний хувьд ч нутгаа буцаан авч, бэхжүүлэх тавилан оногдсон" хэмээн Путин мэдэгджээ.
Путиний энэ мэдэгдэл тэрбээр Украины нутгийг булаан эзлэх зорилготойг баталсан анхны мэдэгдэл байлаа. Хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украин руу халдаж эхлэхдээ энэ "ажиллагааны зорилго нь нацистуудыг үгүй болгох, цэрэггүйжүүлэх" явдал хэмээж байв. Түүнчлэн "Бидний төлөвлөгөөнд Украины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх явдал багтаагүй" хэмээн удаа дараа баталж байсан юм.
Түүнчлэн Украины нутаг дэвсгэрийг эзлэж, Киевийн дэглэмийг солих зорилготой эсэх талаар сэтгүүлчид асуухад үргэлж л үгүйсгэсэн хариулт өгч байлаа. Гэсэн ч Путиний дээрх мэдэгдлээс өмнөх Оросын үйлдлүүдээс энэ улсын цаад зорилго бэлхнээ ажиглагдана.
Тухайлбал, Оросын арми хяналтаа тогтоосон Украины бүс нутгуудад ОХУ-ын эрх баригчид өөрийн талын хүмүүсийг удирдлагаар тавьж, тэд Украины нутгийг "оросжуулах" бүхий л ажлыг хийж байгаа юм. Херсон, Запорож мужууд Орост нэгдэх олон нийтийн санал асуулга явуулахаар бэлдэж, оршин суугчдад Оросын паспорт тарааж, сургуулиудыг Оросын боловсролын системд шилжүүлэн, Оросын үүрэн холбооны операторууд төдийгүй банкууд нь хэдийнэ үйл ажиллагаа явуулаад эхэлсэн.
Түүнчлэн, Украины дэглэмийг унагах зорилгогүй гэж ОХУ удаа дараа мэдэгдэж байсан ч Төрийн Думын гишүүн Адам Делимханов пүрэв гарагт РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө Зеленский ерөнхийлөгч байгаа цагт довтолгоо зогсохгүй гэх утгатай мэдэгдэл хийжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ