"Аэрофлот" нислэгийн үеэр ариун цэврийн цаас хэмнэхийг шаарджээ

Оросын Агаарын тээврийн "Аэрофлот" компани онгоцны үйлчлэгчдээ нислэгийн үеэр ариун цэврийн цаас, амны цаас, цаасан алчуурыг ариг гамтай зарцуулахад хяналт тавихыг шаарджээ. Энэ талаар Baza телеграм суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ журам Туркийг чиглэсэн нислэгт хамааралтай бөгөөд зургадугаар сарын 3-10-ны өдрүүдэд туршилтаар нэвтрүүлсэн гэнэ. Онгоцны үйлчлэгчид бие засах газарт ариун цэврийн цаас дууссан тохиолдолд л шинийг тавина, харин үйлчлүүлэгч нэвтрэх боломжтой хэсгүүдэд нэмэлтээр ариун цэврийн цаас, амны цаас тавихыг хоригложээ.
Мөн онгоц газардсаны дараа тухайн онгоцонд ашиглаагүй үлдсэн ариун цэврийн цааснуудыг дахин тоолж, битүүмжлэн, хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөх ёстой болсон гэнэ. Хэдийгээр эх сурвалжууд ийн мэдээлж байгаа ч Аэрофлот үүнтэй холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ