Хорт хавдрыг эмчлэх шинэ эмийн туршилтад орсон бүх хүн эдгэрчээ

Америкийн хэсэг эрдэмтэд шулуун гэдэсний хорт хавдрыг эмчлэх шинэ эмийг нэн амжилттай туршсан талаараа зарлажээ. VOA агентлагийн мэдээлснээр, эмч нар туршилтын үр дүнгийн талаар "гайхалтай, хосгүй үр дүн" хэмээн ярьсан байна. Гэхдээ энэ эмийг олноор үйлдвэрлэхэд хугацаа хэрэгтэй бөгөөд үүнээс өмнө өргөн цар хүрээтэй судалгаа хийх шаардлагатай аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, хорт хавдрыг эмчлэх эмнэлзүйн туршилтын эхний шат Нью-Йоркийн Хавдар судлалын төвд болсон байна. Энэ төвд хагас жилийн дотор 18 хүн шулуун гэдэсний хорт хавдрыг эмчлэх туршилтын эмчилгээнд хамрагджээ. Ингээд туршилтын дүнд бүх өвчтөн эдгэрсэн байна.
Эмийг боловсруулан гаргасан эрдэмтдийн өгүүлснээр хорт хавдрыг эмчлэх түүхэнд анх удаа ийм хосгүй үр дүн гарчээ.
"Үнэхээр хосгүй үр дүн гарсан. Хорт хавдрыг эмчлэхэд 100 хувь үр дүн гарч байсан тохиолдол бид өмнө нь огт хараагүй" хэмээн эрдэмтдийн багийн нэгэн гишүүн өгүүлжээ.
Түүний өгүүлснээр, шинэ эм нь дархлааны эмчилгээний бэлдмэл бөгөөд хорт хавдрын эд эсийг устгадаггүй, харин өвчтөний дархлааны систем хорт хавдартай тэмцэх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Туршилтын явцад ихэнх өвчтөнд сөрөг нөлөө илрээгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ