Антарктид яагаад аль ч улсад харьялагддаггүй вэ

Дэлхийн бараг л бүх газар нутгийг улс орнууд хувааж авсан бол дайн дажны ихэнх нь газар нутгийн маргаан, эсвэл хилийн маргаанаас үүдэлтэй байдаг. Гэтэл энэ бүх түүхэн хугацаанд аль ч оронд хамааралгүй үлдсэн бүхэл бүтэн тив бий. Энэ бол Антарктид.
Антарктидыг хэн нээсэн бэ?
Хэдэн зууны тэртээ газар нутаг нээх, тэнд эзэн суух нь тийм ч хүнд байсангүй. Аль нэг газарт буугаад л түүнийгээ өөрийн хааны эзэмшлийнх гэж зарлахад л болчих нь тэр. Мэдээж үүний араас, шинэ олж авсан газраа хамгаалж, цэрэг оруулж хүчээр хадгалан үлдэх хэрэгтэй байв. Гэхдээ л "тухайн газрыг нээсэн хүн л тэр газрыг эзэмшинэ" гэх зарчим дэлхий даяар үйлчилдэг байжээ.
Харин Антарктидын тухайд өөр. Энэ тивийг хэн анхлан нээсэн талаар өнөө хэр нь маргаантай. Орос улс энэ тивийг Беллинсгаузен болон Лазаревын удирдсан зургадугаар экспедици нээсэн гэж үздэг.
Үнэхээр л 1820 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Оросын далаөйчид асар том мөсөн бүрхүүлт газрыг харсан гэдэг. Гэхдээ газар олж харна, түүн дээр бууна гэдэг хоёр өөр. Мөн онд оросуудаас гадна британичууд, америкчууд ч энэ тивийг олж харжээ.
Англичууд энэ тивийг Жеймс Кук нээсэн гэж үздэг. Харин энэ тив дээр анхлан буусан хүмүүс нь 1895 онд норвегичууд байсан бөгөөд тэднээс чухамхүү Карстен Борхгревинк түрүүлж газардсан гэнэ. Тэрбээр энэ газрыг хааныхаа эзэмшлийнх гэж зарлаж болох л байсан байх. Гэхдээ XIX зуунд Антарктидыг гагцхүү эрдэмтэд л сонирхдог байжээ. Тухайн үед энд олборлолт хийчихээр хэмжээний хүчин чадалтай технологи байсангүй.
Антарктидыг эзэмших эрхтэй гэж зарласан улс орнууд
XIX зуунд энэ тив хэнд харьяалагдах нь олон улсад сонин биш байсан бол өнгөрсөн зуунд байдал эрс өөрчлөгджээ. Антарктид тивийг цэргийн бааз байгуулах зэрэг олон зорилгоор ашиглаж болно гэдгээр нь ихээхэн сонирхож эхлэв. ХХ зууны эхээр энэ тивд халимны ан цэцэглэсэн бол 1930-аад он гэхэд нэг улиралд л 46 мянган ан амьтан агнадаг божлээ. Түүнчлэн загас агнуур идэвхитэй хөгжив.
Ингээд л ердөө хэдхэн арван жилийн дотор хүмүүс энэ тивийн амьтдыг устгаж, мөхөж сүйрэх замыг нь нээсэн аж. Гэхдээ Антарктид тив дээр оцоно шувуу, далайн хав зэрэг амьтад үлдэж, анчид ч ангаа үргэлжилсээр байв. Амьтны төрөл зүйлийг хадгалж үлдэх талаар хэн ч санаа тавьсангүй. Хүмүүст ажил, улсад татвар хэрэгтэй байлаа.
1820 оноос өмнө британичууд нээж, очиж байсан Антарктидын хэд хэдэн арлыг өөрийн эзэмшлийнх гэж Их Британи 1908 онд зарлав. Үүнээс есөн жилийн дараа эзэмших газраа өргөтгөжээ.
Үүний дараа Шинэ Зеланд, Австрали, Франц, Норвеги, Аргщнтин, Чили улс ч энэ тивийн өмнөд хэсгийг өөрсдийн эзэмшил гэж зарласан байна. Герман, Япон ч дутсангүй. Германчууд 1939 онд энэ тив дээр онгоцноос далбаа асгаж, Шинэ Швабийг өөрсдийн нутаг гэж зарлажээ. Гэвч дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаныхаа дараа тэд энэ төлөвлөгөөнөөсөө татгалзсан байна.
Төвийг сахисан статус
Антарктидыг эзэмших хүсэлтэй улс орнуудын зөрөлдөөнийг ямар нэг байдлаар шийдэх ёстой байв. Энд аж үйлдвэрлэлийн зориулалттайгаар үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан ч зэвсэг, тэр дундаа цөмийн зэвсэг байршуулах эрсдэл өндөр байжээ.
1946 онд америкчууд эрдэм шинжилгээний баазаа бэхжүүлэхээр 13 хөлөг онгоц илгээсэн бол 1984 онд Аргентин найман хөлөг онгоцоо илгээж, цэрэг байршуулсан байна. Үүнийг британичууд эсэргүүцэж, ингээд хоёр тал нэгнийхээ хуаранг устгаж байжээ.
Энэ байдал шинэ дайн дэгдээх дээрээ тулсан тул нөхцөл байдлыг шийдвэрлэх үүднээс АНУ, ЗХУ хэлэлцээ хийсэн байна. Ингээд тэд 1959 онд Антарктидын тухай гэрээ байгуулж, энэ гэрээнд Антарктид тивийг өөрсдийнх гэж зарладаг бусад орнууд ч нэгджээ.
Энэ гэрээнд зааснаар, тивийн өмнөд хэсгийг гагцхүү шинжлэх ухааны, энхийн зорилгоор ашиглаж болно, хэн ч цэргийн бааз байгуулж болохгүй. Дэлхийн бүх орон энэ тив дээр эрдэм шинжилгээний судалгаа явуулах эрхтэй ч Антарктидын 60 дугаар паралелиас өмнөд хэсэг аль ч улсад хамаарахгүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ