Guardian: Украин артиллерийн дайнд ялагдаж байна

Донбасст одоо "артиллерийн дайн" өрнөж байгаа бөгөөд Украинд Барууны орнууд ямар зэвсгийг хичнээн хэмжээгээр өгөхөөс энэ дайны явц шалтгаална гэж Украины цэргийн тагнуулын орлогч дарга Вадим Скибицкий Guardian сонинд ярьжээ.
Түүний өгүүлснээр, Украин улс энэ артиллерийн тулаанд Орост ялагдаж байгаа, тиймээс гагцхүү баруунаас нийлүүлэх зэвсэгт л найдах үлдсэн гэнэ.
"Украины нэг артиллерийн зэвсэгт Оросын 10-15 артиллерийн зэвсэг ноогдож байна. Манай барууны түншүүд өөрсдөдөө байгаа зэвсгийнхээ 10 орчим хувийг илгээсэн" хэмээн Скибицкий мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, Украин улс өдөрт 5000-6000 артиллерийн сум ашиглаж байгаа гэнэ.
"Бид артиллерийн бараг бүх сумны нөөцөө дуусгасан. Одоо НАТО-ын 155 калибрын стандартын сум ашиглаж байгаа" хэмээн Скибицкий өгүүлжээ.
Скибицкийн энэ яриа АНУ-ын тагнуулын мэдээллээр ч батлагдаж байгаа юм. Франс пресс агентлаг тагнуулаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ Украин Зөвлөлт болон Орост үйлдвэрлэгдсэн бүхий л зэвсэглэлээ шавхаж байгаа, одоо зэвсэглэлийн тал дээр гагцхүү барууныхнаас шууд хамааралтай болсон гэж онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ