"Путинизмээс ангижрах өдөр" жагсаал дэлхийн олон оронд болжээ

Жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдрийг оросууд "Оросын өдөр" болгон тэмдэглэдэг. Оросын өдөр нь үндэсний хэмжээний баяр бөгөөд орон даяар амарч, баяр тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Энэ жилийн баярын өдрөөр дэлхийн олон хотуудад Орос Украин руу түрэмгийлснийг эсэргүүцсэн жагсаал болж өнгөрлөө. DW агентлагийн мэдээлснээр дэлхийн 30 оронд дайн эсэргүүцсэн жагсаал болсон бөгөөд ихэнх жагсаалыг Орос гаралтай нутгийн оршин суугчид зохион байгуулжээ.
Варшав дахь оросууд жагсаал зохион байгуулах үеэрээ сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө 1990 оны зургадугаар сарын 12-ны өдөр Оросын тусгаар тогтнолын тунхаг бичиг батлагдсан бөгөөд үүнд "ардчилсан эрх, эрх чөлөө, олон улсын эрхзүйг хүндэтгэж, дэлхийн ард түмнүүдтэй энх тайвнаар зэрэгцэн оршино" гэж тусгасан байдгийг онцолсон байна.
"Үүнээс 32 жилийн дараа Кремль эхлээд өөрийн оронд ардчиллыг нухчин дарж, дараа нь Украины эсрэг дайн өдүүлсэн. Украины газар нутгийг эзлэн түрэмгийлээд, тэндээ тунхаг бичгийн гол санааг үгүйсгэн, "Оросын өдөр"-ийг өргөн дэлгэр тэмдэглэж байна" хэмээн жагсаал зохион байгуулагчид мэдэгджээ.
Тиймээс хилийн чанад дахь оросууд Тусгаар тогтнолын тунхаглалын үндсэн санааг сануулахын тулд дэлхий даяар эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн хэмээн онцолсон байна.
"Баяр тэмдэглэх биш харин чөлөөт Орос орны төлөө тэмцэхийн тулд цугларсан. Путинизмээс чөлөөлөгдөхийн тулд, Украиныг эрх чөлөөтэй болгохын тулд, суртал ухуулгаас ангид байхын тулд жагсаж байна" хэмээн Варшав дахь оросуудын жагсаалыг зохион байгуулагчид мэдэгджээ.
Женев хотод дайн эсэргүүцэх жагсаалын үеэр Украинд энх тайван, Орост эрх чөлөөг авчрахыг уриалсан бол Латвид болсон жагсаалын үеэр жагсагчид ОХУ-ын Элчин сайдын яамны гадаа Украин, Латвийн далбаа барин зогсжээ.
Путинизмээс тусгаар тогтнох өдөр хэмээн нэрлэгдсэн олон улсын арга хэмжээ Австрали, Шинэ Зеландад ч болсон байна.
"Дэлхий даяар амьдран сууж буй оросууд 70 гаруй оронд жагсаж, дайн, дайны гэмт хэрэг, Путиний дэглэмийн эсрэг зогссон" хэмээн Австрали, Шинэ Зеланд дахь оросуудын байгуулсан Svoboda Alliance AU&NZ цахим хуудсан дээрх мэдэгдэлд өгүүлжээ.
DW агентлагийн мэдээлснээр, дайн эсэргүүцсэн жагсаал Ереван, Вена, Прага, Хельсинки, Тбилиси, Парис, Страсбург, Милан, Дублин, Лондон, Амстердам, Мадрид, Стокгольм, Вашингтон, Нью-Йорк, Сиатл, Сан-Франциско болон Германы олон хотод болж өнгөрсөн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ