Хятадын хөл хорио эдийн засгийг нь сүйрүүлж байна

Коронавирусийн халдвар анхлан бүртгэгдэж байсан БНХАУ богино хугацаанд энэ тахлыг даван гарсан ч бусад орнуудад хязгаарлалтыг сулруулж, хилээ нээж байхад хүн амтай нь харьцуулахад тун цөөн халдвар илэрсэн ч хатуу хөл хорио тавьсаар байна.
Хамгийн сүүлд гэхэд л, гуравдугаар сарын сүүлээр Хятадын томоохон хот болох Шанхайд халдварын голомт илэрсэн тул сар гаруйн хугацаанд хатуу хөл хорио тавьж, тавдугаар сараас хөл хориог сулруулж эхэлсэн ч энэ хот хэвийн амьдралдаа бүрэн ороогүй л байна. Халдварын дэгдэлтийг тогтоон барих энэхүү арга нь Хятадын эдийн засагт ихээхэн хор хохирол учруулж байгаа талаар эдийн засагчид онцолсоор байгаа юм.
Шанхайн автомашины худалдааны холбооноос тавдугаар сард гаргасан мэдэгдэлд өгүүлснээр, Шанхай хотод дөрөвдүгээр сард нэг ч машин зарагдаагүй гэнэ. Энэ нь хөл хориотой холбоотой бөгөөд хатуу хөл хорионд орсон оршин суугчид машин унах болсон юм.
Түүнчлэн өнгөрсөн сард аж үйлдвэрлэлт болон хэрэглээний зардал ихээхэн унаж, ажилгүйдлийн тоо 6,1 хувьд хүрсэн гэж Хятадын Үндэсний статистикийн товчоо мэдэгджээ. Энэ байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн оны дөрөвдүгээр сартай харьцуулахад хэрэглээний зардал 11,1 хувиар, автомашин үйлдвэрлэлт 43,5 хувиар буурсан байна. Харин 16-24 насныхны дундах ажилгүйдэл 18,2 хувь хүртэл нэмэгджээ.
Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар, өнөөгийн хатуу хөл хорионы бодлого нь улс төрийн шинжтэй бөгөөд Ши Жинпинь хязгаарлалтыг үргэлжлүүлэх бодлогыг хатуу баримталж байгаа нь хятадуудын дунд эсэргүүцэлтэй тулгарч байгаа гэнэ. Бээжингийн Чаоян дүүрэгт гэхэд л сүүлийн гурван долоо хоногийн туршид 3,5 сая оршин суугчийг бараг өдөр бүр шинжилгээнд хамруулахыг шаардаж байв. Түүнчлэн Хятадын их дээд сургуулийн хотхонд хөл хорио тогтоосны улмаас оюутнууд эсэргүүцэн жагссан тохиолдол ч гарч байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ