Канадын ГХЯ Оросын баярын хүлээн авалтад оролцсон ажилтнаа буруутгажээ

Зургадугаар сарын 12-ны өдөр тохиосон "Оросын өдөр"-ийг тохиолдуулан Канадын Оттава хотод ОХУ-ын Элчин сайдын яам хүлээн авалт зохион байгуулжээ. Энэ хүлээн авалтад Канадын Гадаад хэргийн яамны ажилтан оролцсоныг Канадын хэвлэлийнхэн мэдээлж, улмаар тус улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли шүүмжилсэн байна.
"Энэ бол байж болшгүй хэрэг. Канадын нэг ч төлөөлөгч Оросын Элчин сайдын яаманд болсон арга хэмжээнд оролцохгүй байх ёстой байсан. Цаашид Канадын нэг ч төлөөлөгч энэ төрлийн арга хэмжээнд оролцохгүй" хэмээн Жоли Твиттер хуудсандаа бичсэн байна.
Харин түүний энэ мэдэгдлийг Канад дахь ОХУ-ын Элчин сайд Олег Степанов мэргэжлийн бус хэмээн нэрлэжээ. Оросын ЭСЯ дахь хүлээн авалт зургадугаар сарын 10-ны өдөр болж, 100 гаруй хүн оролцсон байна. The Globe and Mail сонины мэдээлснээр, Канадын Гадаад хэргийн яамыг төлөөлж олон улсын асуудал хариуцсан департаментын протоколын орлогч дарга Ясемин Хайбекер оролцжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ