Америкийн компани Украинд сапер роботууд нийлүүлнэ

Qinetiq компани Украины газар нутгийг минигүйжүүлэхэд зориулан 10 сапер робот нийлүүлэхээр болжээ. Энэ талаар Украины Эргүүлийн цагдаагийн газрын орлогч дарга Алексей Билошицкий Фейсбүүк хуудсандаа бичсэн байна.
"TALON робот Украиныг минигүйжүүлэхээр ирнэ. Энэ бол зөвхөн мина илрүүлээд зогсохгүй тэдгээрийг аюулгүй болгодог сапер робот. Дайн эхлэх үеэр манайд ийм төхөөрөмж 12 байсан, одоо дахин 10 робот хүлээн авна" хэмээн Билошицкий бичсэн байна.
Түүний өгүүлснээр, ийм роботууд 680 кг хүртэлх ачаа чирэх чадвартай, урт нь 86,4 см, өндөр нь 42,7 см, дээд жин нь 52-71 кг байдаг гэнэ.
"Энэ төхөөрөмж 8,3 км/цаг хүртэл хурдлах, нэмэлт цэнэггүйгээр 2,8-4,5 цаг ажиллах, хүлээлгийн горимд долоон өдөр хүртэлх хугацаагаар ажиллах чадвартай" хэмээн Билошицкий бичжээ.
TALON роботыг QinetiQ олон улсын группийн охин компани болох Америкийн Foster Miller боловсруулжээ. Энэ группийнхэн 2014 оноос эхлэн Украины цэргүүдийг энэ төрлийн робот ашиглахад сургаж байгаа бөгөөд одоогоор 100 гаруй цэргийн алба хаагч сургалтад хамрагдсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ