Туркменистанд зарим төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдахыг хоригложээ

Туркменистанд эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрүүдийг шалгаж эхэлжээ. Энэ талаар "Хроника Туркменистана" сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хэрэглэгчийн "эрүүл мэнд болон гадна төрхөнд хор хохирол учруулж болзошгүй" гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулахгүй байхыг шаардаж байгаа гэнэ. Дэлгүүрүүдийг шалгаж байгаа хүмүүс нарийн зааварчилгаа аваагүй, гагцхүү өөрсдөө хараад л аль бүтээгдэхүүнийг зарж болох, болохгүйг шийдэж байгаа мэт санагдсан гэж худалдагчид ярьсан байна. Шалгалтаар явж байгаа албаныхан хумс, уруул, сормуусны будаг зарахыг хориглож байгаа гэнэ. Харин шампунь, гель, тос зэрэг ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг зарахыг зөвшөөрч байгаа аж.
Энд дуулгахад, дөрөвдүгээр сард Туркменийн эрх баригчид эмэгтэйчүүдийн гадна төрх болон ёсзүйд анхаарал хандуулж, эмэгтэй оюутан, сурагчдыг цуглуулан, үндэсний өв уламжлал, үсээ будах, нүүр будах, сормуус, хумс хийлгэх, гоо сайхны мэс засал хийлгэх болон тод нүүр будалт хийлгэх нь зохисгүй болох талаар лекц уншсан байна. Түүнчлэн ийм сургалтад төсвийн болон улсын байгууллагын ажилтнуудыг ч хамруулж, шинэ журмыг зөрчвөл ажлаас нь хална гэж анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ