Илон Маскаас 258 тэрбум доллар нэхэмжилжээ

Америкийн иргэн Кит Жонсон Илон Маск болон түүний SpaceX, Tesla компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ талаар Bloomberg мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэхэмжлэгч тал Илон Маскийг Dogecoin криптовалютын өртгийг зохиомлоор хөөргөдөх зорилгоор "криптопирамид" үүсгэсэн хэмээн буруутгаж байгаа аж. Нэхэмжлэгч Кит Жонсон өөрийнх нь адилаар энэ "пирамид"-д мөнгөө алдсан хүмүүсийг төлөөлөхөд бэлэн гэж мэдэгдсэн бөгөөд Илон Маскаас 258 тэрбум долларын нөхөн төлбөр шаардаж байгаа гэнэ.
Түүнчлэн Илон Маск болон түүний компаниудыг Dogecoin криптовалютыг сурталчлахаа зогсоох, энэ коиныг АНУ болон Нью-Йорк мужийн хуулийн дагуу мөрийтэй тоглоомын жагсаалтад оруулах шүүхийн шийдвэр гаргуулахыг нэхэмжлэгч тал хүсэж байгаа аж. Нэхэмжлэгч Жонсоны нэхэмжлэлд "хариуцагчид Dogecoin-ийг хууль ёсны хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж баталж байгаа, үнэн хэрэгтээ энэ коин ямар ч үнэ цэнгүй" хэмээжээ.
"Dogecoin бол валют биш, хувьцаа, үнэт цаас ч биш. Энэ алт, бусад үнэт металл, өөр юугаар ч баталгааждаггүй. Идэж болохгүй, ургуулж болохгүй, өмсөж болохгүй. Энэ ноогдол ашиг, хүү өгдөггүй. Бусад криптовалюттай харьцуулахад энэ коин ямар ч үнэ цэнгүй. Энэ коиныг засгийн газар болон хувийн байгууллага ч баталгаажуулаагүй. Энэ бол ердөө л луйвар" хэмээн нэхэмжлэгч мэдэгджээ.
Dogecoin нь 2013 онд гарсан, Илон Маскийн хамгийн дуртай коинуудын нэг гэгддэг. Маск энэ коиныг олон нийтийн өмнө удаа дараа сурталчилж байлаа. Тухайлбал, 2021 оны 12 дугаар сард Тесла компани Dogecoin-оор төлбөрөө авч эхэлснээр энэ коины үнэ 24 хувиар өсөж байв. Харин мөн оны хоёрдугаар сард энэ коиныг "ард түмэнд зориулсан криптовалют" гэж Твиттерт жиргэсний дараа коины үнэ 80 хувиар өсөж байлаа. Гэвч энэ амжилт төдийлөн удаан үргэлжилээгүй юм. 2021 оны тавдугаар сард нэг Dogecoin 0,74 долларт хүрч хамгийн өндөр үзүүлэлт тогтоож байсан бол одоо энэ коины өртөг ердөө 0,06 байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ