Кулеба: Украинчууд хүрзээр ч хамаагүй тулалдана

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украин руу халдаж, дайн дэгдээснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд барууны орнууд Украин руу төрөл бүрийн зэвсэг нийлүүлсээр байгаа ч зарим тохиолдолд зэвсгийн тусламж саатаж байгааг Украины тал шүүмжилж байгаа юм. Цаашлаад барууны орнууд зэр зэвсэг нийлүүлэхээ зогсоосон ч украинчууд Оросыг сөрөн зогссоор байна, хүрзээр ч хамаагүй тулалдана гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгджээ.
"Бид зэвсэггүй болчихвол бид хүрзээр ч хамаагүй тулалдана. Бид хамгаалсаар байна. Учир нь энэ бол бидний оршихуйн төлөөх дайн. Тиймээс бид зэвсэг аль болох эрт авах тусам энэ нь бидэнд тусламж болно. Хожимдож зэвсэг илгээвэл бид "баярлалаа" гэж хэлнэ, гэхдээ олон зүйлийг алдсан, олон хүн амиа алдсан байна" хэмээн Дмитрий Кулеба ARD сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Түүнчлэн тэрбээр Украин зэвсэглэлийн тал дээр Оросыг гүйцэхгүй байгаа талаар хүлээн зөвшөөрсөн байна. Олон зэвсэг тэр дундаа агаараас эсэргүүцэн хамгаалах систем шаардлагатай байгааг Кулеба онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ