Бээжингийн сурагчид дахин танхимаар хичээллэж эхлэв

Хятадад коронавирусийн халдварын дэгдэлт харьцангуй намжиж, нөхцөл байдал хэвийн болж байгаа тул Бээжин хотын бага болон дунд сургууль, хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг сэргээнэ гэж хотын боловсролын хороо мэдэгджээ.
Ингэснээр өнөөдөр буюу зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн анхан шатны дунд сургуулийн нэг, хоёрдугаар анги, хоёр дахь шатны дунд сургуулийн нэг хоёрдугаар анги, түүнчлэн бага сургуулийн 1-6 дугаар ангийн сурагчид танхимаар хичээллэхээр болсон байна. Харин сургуулийн өмнөх насныхан долдугаар сарын дөрөвний өдрөөс цэцэрлэгтээ явах гэнэ.
Хэдийгээр сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг нээсэн ч эрсдэлтэй дүүрэгт амьдарч байгаа, гэрийн хорионд байгаа хүүхдүүд цахимаар хичээллэхээ үргэлжлүүлэх аж.
Сүүлийн өдрүүдэд Хятадад коронавирусийн халдварын тархалт намжиж байгаа бөгөөд баасан гарагт Бээжин хотод коронавирусийн халдварын тохиолдол ердөө хоёр илэрсэн бол өнгөрсөн ням гарагт БНХАУ даяар таван тохиолдол илэрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ