СУРВАЛЖИЛГА: Наадмын дээл 150.000-250.000 төгрөгийн үнэтэй байна
Даваа гарагийн мэнд. Үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Эдгээр өдрүүдэд иргэд наадмын гоёлоо бэлдээд тун ч завгүй байна. Томоохон зах худалдааны төвүүдээр наадмын гоёл, аяллын бэлтгэлээ базаасан залуус олон харагдана. Энэ жилийн наадам өргөн дэлгэр болох нь дамжиггүй. Учир нь өнгөрсөн жил коронавирус халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний их баяр наадмыг бүх нийтээр тэмдэглээгүй. Харин энэ жил тэмдэглэнэ.
Улсын баяр наадам долоодугаар сарын 10, 11-ний өдөр орон даяар зохион байгуулагдана. Харин тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгууд 07 дугаар сарын 22-30 хооронд баяр наадмаа хийнэ. Харин бүсийн хурдан морины уралдаан 07 дугаар сарын 29, 30, 31-нд болно.
Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд, Улаанбаатар үдэш арга хэмжээ Хүй долоон худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн тоглолт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Монголын уламжлалт үндэсний их баяр наадмыг үндэсний хувцас болох монгол дээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Жилээс жилд хэрэглэгчид хамгийн загварлаг бөгөөд чанартай дээлээр гоёхыг хүсэх болсон. Иймд бид энэ жилийн наадмын тренд өнгө болон үнийн талаар сурвалжлахаар Нарантуул олон улсын худалдааны төв болон Дүнжингарав худалдааны төвийг зорилоо.
Бидний хамгийн түрүүнд очсон газар Дүнжингарав худалдааны төв.Тус худалдааны төвөөр үйлчлүүлэгчид олон байв. Иргэд өөрт тохирох загвар хийцийн дээлийг сонгохын тулд монгол дээл худалдаалах хэсгийн бүх л лангуугаар явж, таалагдсан дээлээ өмсөж үзэж байлаа. “Энэ хэд вэ, хэдэд өгөх вэ” гэсэн асуулт хамгийн олон давтагдаж байна. Тус худалдааны төвд
-
Монгол цамц- 95.000-150.000 төгрөг
-
Дээл-150.000-250.000 төгрөг
-
Малгай-45.000-85.000 төгрөгийн дундаж ханштай байв.
Дүнжингарав худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэдийн төлөөлөл “Наадмын гоёлоо бэлдэж явна. Өөртөө болон охиндоо дээл худалдаж авахаар ирсэн. Дээл үнэтэй байна. Дунджаар 250.000 төгрөгийн үнэтэй байна. Наадам дөхөөд бүр ч үнэтэй болж байна. Өнгөрсөн долоо хоногт 230.000 төгрөгийн үнэтэй байсан дээл 250.000 болж үнэ нь нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил баяр наадам тэмдэглээгүй учраас иргэд ч худалдан авалт сайн хийж байх шиг байна. Дээлний сонголтын хувьд өнгөрсөн жилүүдийнхтэй ижилхэн байна” гэлээ.
Дүнжингарав худалдааны төвийн худалдаа эрхлэгч “Иргэдийн худалдан авалт дажгүй байна. Дээлний хувьд маш олон төрлөөр худалдаалж байна. Мөн ээмэг, энгэрийн зүүлт худалдаалж байгаа. Энэ жил манайх дээлийг 130.000-250.000 төгрөгийн үнэтэй худалдаалж байна” гэв.
Ингээд бид Дүнжингарав худалдааны төвөөс гарч Нарантуул олон улсын худалдааны төвийг зорилоо.
Иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байв. Тус худалдааны төвд Монгол дээл дунджаар 120.000-250.000 төгрөгийн үнэтэй байлаа.
“Дээлний сонголт төдийлөн сайн биш байна. Би баяр наадам болон найранд өмсөх дээлээ сонгож авах гэж явна. Сумынхаа наадмыг үзнэ. Өнөөдөр дээлээ сонгож аваад маргааш нутаг руугаа гарна. Дээл үнэтэй худалдаалж байна” гэлээ.
Нарантуул олон улсын худалдааны төвд худалдаа эрхлэгч “Иргэдийн худалдан авалт төдийлөн сайн биш байна. Эдийн засаг маш их хямарч байна. Монгол дээлээ хямдруулаад л борлуулж байна”гэв.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ