Олон улсын хүүхдийн спортын наадам эхэллээ
2022-07-29

 

 

ОХУ-ын Приморскийн хязгаарын Владивосток хотноо өчигдөр орой “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам “Фетисов арена” спорт цогцолборт нээлтээ хийлээ. 

 

 

Тус наадамд Монгол, ОХУ, Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Пакистан, Таиланд, Туркменистан, Узбекстаны гэсэн 13 орны 1355 тамирчин оролцож байна.

 

Наадмын нээлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэндчилгээг Ерөнхийлөгчийн туслах, БТС-ын холбооны зөвлөлийн нарийн бичгийн дарга И. Левитин уншин, Спортын сайд, ЗБХ-ны дарга О.В.Матыцин, Олон улсын “Азийн хүүхдүүд” наадмын хорооны дарга В.В.Максимов, Оросын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч С.Поздняков, Приморскийн хязгаарын амбан захирагч О.Кожемяко нар үг хэлжээ.

 

Приморскын хязгаарын болон Саха Якутын мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, төлөөллүүд Урлаг, соёл, циркийн олон арван сонирхолтой тоглолт, үзүүлбэрүүд үзүүлжээ. Нээлтийн ажиллагааг Оросын МАТЧ телевиз шууд дамжуулан үзүүлсэн байна.

 

Наадам спортын 19 төрлөөр зохион байгуулагдаж нийт 273 багц медаль гардуулах юм. Тэмцээнүүд энэ сарын 28-нд элсний волейболын төрлөөр эхэлсэн бөгөөд тус наадам 8 дугаар сарын 8-нд дуусах ажээ.

 

 

Өсвөрийн тамирчид Владивосток хотноо “Океан” олон улсын хүүхдийн төвд амьдарч, олимпын тосгоны адил бүх нөхцөлөөр хангагдсан байна.

 

Монголын баг тамирчид тус наадамд спортын жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усан сэлэлт гэсэн таван төрөлд 48 хүний бүрэлдэхүүнтэй Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагатайгаар оролцож байна.

 

Монголын баг тамирчдын тэмцээн өнөөдөр усан сэлэлтийн төрлөөр эхэлж, “УТЦ Олимпиеца” олимпын стандартын бассейнд тамирчид гараандаа гарч уралдах ажээ.

Shuud.mn
Сонин хачин