Буриадын залуусыг дайнд илгээхийн тулд амралт, сувилалд үнэгүй амраахаар амлаж байна

Украины эсрэг Орос өдүүлсэн дайн эхлээд хэдийнэ 158 өдөр өнгөрчээ. Энэ хугацаанд Украинд олон энгийн иргэн, хүүхэд амиа алдаж, хот тосгод нь сүйрсэн бол дайнд оролцохоор явсан Оросын цэргүүд ч олноороо ээждээ эргэж очилгүй, "Груз 200" буюу "ачаа" нэртэй болон цогцос нь хайрцаглагдан, ар гэрт нь очсоор байгаа юм.
Дайн эхэлсэн эхний өдрүүдээс л ОХУ славянчуудыг биш харин Буриад зэрэг буурай бүс нутгийн өөр үндэс ястныг дайнд ихээр илгээж, золионд гаргаж байна гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарах болсон. Энэ нь ч Оросын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, материалуудаар батлагдсаар байгаа юм.
Оросын "Медиазона" болон ВВС агентлаг сайн дурынхантай хамтран, амиа алдсан цэргүүдийн нэр усыг тогтоох ажлын хүрээнд хоёрдугаар сарын 28-наас долдугаар сарын 29-ний хооронд Оросын нийт 5185 цэрэг амиа алдсаныг тогтоожээ.
Энэ дундаас бүгд найрамдах улсуудаас татагдсан цэргүүд илүүтэй амиа алдсан байх бөгөөд хүний хохирлоор Дагестан тэргүүлж байгаа бол үүний араас Буриад улс бичигджээ.
ОХУ-ын хамгийн буурай субъектүүдийн нэг гэгддэг Буриад улс ердөө нэг сая хүрэхгүй хүн амтай. Харин эндээс татагдан явсан цэргүүдээс хэдийнэ 225 хүн амиа алджээ. Мөн Улаан-Үд хотод өдөр бүр шахам цэргийг сүүлчийн замд нь үдэх ёслол болдог, зай талбай хүрэлцэхгүй тул хүүхдүүд спортоор хичээллэдэг спортын ордны нэг талд шарилыг байршуулдаг гэж Тайга.инфо мэдээлж байв.
Буриадад цэргийн анги салбар олноор байрладаг, энэ бүс нутагт цалингийн хэмжээ бага, ажилгүйдэл их байдаг нь залуус олноороо цэрэгт татагдах, сайн дурын цэрэг болоход нөлөөлдөг талаар Буриадын хүний эрхийг хамгаалагчид удаа дараа мэдэгдэж байлаа. Буриад залуус дайнд ийнхүү амиа алдаж байгааг эсэргүүцсэн Буриадаас гаралтай залуус нэгдэн "Чөлөөт Буриад" нэртэй олон улсын, дайныг эсэргүүцэх сан байгуулсан талаарх мэдээлэл дөрөвдүгээр сард гарч байсан юм. Энэ сангийнхан дайныг зогсоох, Кремлийн суртал ухуулгатай тэмцэх, буриадуудыг "Орос ертөнцийн гол хамгаалагч" гэдэг байдлаас салгах зэрэг хэд хэдэн зорилго дэвшүүлжээ.
Гэвч сайн дурынхны идэвх төдийлөн олныг хамарч чаддаггүй. Хаа сайгүй цэргийн албанд татагдахыг уриалсан самбар, амиа алдсан цэргүүдийн "баатарлаг үйлс"-ийн тухай мэдээлэл, дайныг цэргийн ажиллагаа хэмээн нэрлэж, алдаршуулсан Z, V үсгүүд.
Буриадад байсхийгээд л сайн дурын цэргүүд элсүүлэх аян өрнөнө. Энэ удаад "Байкал" гэрээт цэргийн нэгж бүрдүүлэх ажил явагдаж байгаа талаар "Номер один" мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, мэргэжлийн багийн бүрэлдэхүүн хэдийнэ бүрдсэн, гэхдээ шинээр гэрээт цэрэг авах бүртгэл хаагдаагүй байгаа гэнэ.
Залуусыг элсүүлэхдээ "Гэрээт цэргийн алба бол жинхэнэ эр хүн, эх орноо хамгаалагчийн сонголт" хэмээн уриалж байгаагийн дээр "тогтвортой цалин, орон сууц, тэтгэвэр, амралт сувиллын гшазарт үнэгүй амрах" эрхтэй хэмээн тодотгож байгаа аж.
Тухайлбал, гэрээт цэргийн албанд элсэх залууст 100 мянган рубль буюу монгол мөнгөөр таван сая орчим төгрөг олгохын дээр ээлжийн амралтаа өнгөрөөх амралтын газар руу үнэ төлбөргүй зорчих, амралт сувиллын газарт үнэ төлбөргүй хэвтэн эмчлүүлэх, цэргийн эмнэлэг, сувилалд үнэ төлбөргүйгээр эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой хэмээн залуусыг татаж байгаа гэнэ.
Түүнчлэн, Украины нутаг дэвсгэр дэх "тусгай ажиллагаа"-нд оролцсон Буриадын цэргийн алба хаагчдын гэр бүлийнхэнд тусгай хөнгөлөлт, дэмжлэг үзүүлнэ хэмээн амалсан бөгөөд хүүхдүүд нь цэцэрлэг, Буриадын их дээд сургуульд суралцах бол хөнгөлөлт үзүүлнэ гэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ