Хятадад бямба гарагт COVID-19-ийн 74 тохиолдол илэрчээ

Хятадад бямба гарагт коронавирусийн дотоодын халдварын тохиолдол 74 илэрсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 32 нь Гуанши-Жуаны Ганьшу хотод бүртгэгдсэн байна.
БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр, өвчний шинж тэмдэггүй тохиолдол бямба гарагт нийт 360 илэрчээ. Мөн өдөр Хятадын эмнэлгүүдээс 140 өвчтөн гарсан байна. Ингэснээр коронавирусийн халдвар аваад эдгэрэн, эмнэлгээс гарсан хүний тоо 222 553 болсон байна.
Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Уханьд халдвар илэрсний улмаас энэ бүс нутгийг хатуу хөл хорионд оруулсан юм. Коронавирусийн халдвар анх гарч, цар тахлын эхлэл болж байсан энэ хот ийнхүү хоёр жилийн дараа дахин хатуу хөл хорионд орсон. ВВС агентлагийн мэдээлснээр, Ухань хотын 12 сая хүн амыг хатуу хөл хорионд оруулжээ.
Хөл хорио тогтоосон тул цэнгээний газар, кино театр, интернет кафе, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний захыг хаасан байна. Түүнчлэн зоогийн газар, олон нийтийн арга хэмжээ, аялал жуулчлал, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг ч зогсоожээ. Мөн өндөр эрсдэлтэй дөрвөн бүсийг тогтоож, эдгээр бүсэд оршин суух иргэдийг гэрээсээ гарахыг хориглосон байна.
Ухань хотод долдугаар сарын 26-ны өдөр шинж тэмдэггүй хоёр тохиолдол илэрсний улмаас энэ хотын 12 сая хүн амыг хатуу хөл хорионд оруулсны дээр коронавирусийн шинжилгээнд тогтмол хамруулах болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ