Сармагчны цэцэг өвчний улмаас Нью-Йорк хотод онц байдал зарлав
2022-08-01

АНУ-ын Нью-Йорк хотод сармагчны цэцэг өвчний улмаас нийгмийн эрүүл мэндийн салбарт онц байдал тогтоожээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

 

Нью-Йорк мужид илэрсэн сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 1383-д хүрсний дараа Нью-Йорк хотын дарга Эрик Адамс болон хотын эрүүл мэндийн комиссар Эшвин Васан нар хамтарсан мэдэгдэл хийжээ. "Одоогоор Нью-Йорк халдварын дэгдэлтийн голомт болоод байна. Бидний тооцоолсноор хотын 150 мянга орчим оршин суугч сармагчны цэцэг өвчний халдвар тусах магадлалтай" гэж мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Ийнхүү хамтарсан мэдэгдэл хийснээр Нью-Йорк хотын Эрүүл мэндийн хэлтэс зохих журмын дагуу онц тогтоол гаргаж, халдварын тархалтыг тогтоон барихын тулд хууль журамд өөрчлөлт оруулах боломжтой болж байгаа аж. Үүнээс нэг өдрийн өмнө Нью-Йорк мужийн захирагч Кэти Хочул мужийн хэмжээнд онц байдал тогтоож, сармагчны цэцэг өвчнийг нийгмийн эрүүл мэндэд "аюул занал учруулах өвчин" хэмээн нэрлэжээ. 

 

Энд дуулгахад, баасан гарагийн байдлаар АНУ-д нийт бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчний тохиолдол 5189-д хүрсэн байна. Үүнээс өмнө, долдугаар сарын 23-ны өдөр ДЭМБ сармагчны цэцэг өвчнийг эрүүл мэндийн салбарын онц байдал хэмээн нэрлэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин