Бразилд Сиамын ихрүүдийг салгах мэс заслыг амжилттай хийжээ

Гавлын ясаараа залгаатай төрсөн Сиамын ихрүүдийг салгах мэс заслыг Бразилийн эмч нар амжилттай хийжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, VR буюу програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн, хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчинг ашиглан мэс засалд бэлдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Лондон дахь Грейт-Ормонд хүүхдийн эмнэлгийн эмч нарын удирдлаган дор Рио-де-Жанейро хотод гурван настай Бернардо болон Артур Лима нарыг салгах мэс засал хийжээ. Эмч нар ихрүүдийг салгах аюулгүй аргыг олохын тулд компьютер томограф, соронзон-резонанс томографийн үндсэн дээр хүүхдүүдийн биеийг виртуаль байдлаар гаргасан загвар дээр таамаглалуудаа шалгаж байсан гэнэ. Энэ мэс заслыг "сансрын эриний бүтээл" хэмээн мэс засалч Нур уль Овасе Жилани нэрлэжээ. Түүний өгүүлснээр, өөр өөр улс оронд байгаа мэс засалчид "хиймэл бодит орчин үүсгэсэн өрөө"-нд хамтдаа ажилласан анхны тохиолдол нь энэ аж.
Ихрүүд нийтдээ долоон удаа мэс засалд орсон бөгөөд сүүлийн хагалгаа нь 27 цаг орчим үргэлжилсэн, 100 гаруй эмч оролцжээ. Тэдний дунд Жилани эмч багтаж, хооллохоор дөрвөн удаа 15 минутын завсарлага авч, 27 цаг ажилласан байна.
Мэс заслын дараа Бенаро, Артур нарын даралт, зүрхний цохилт эрс ихэсчээ. Гэхдээ Сиамын ихрүүдийг салгах мэс засал амжилттай болсны дараа ийм хүндрэл байнга тохиолддог аж. Харин ердөө дөрвөн өдрийн дараа ихрүүд хамтдаа нэг тасагт хэвтэхээр болсон, одоо эмнэлэгт биеийн байдал нь сайжирч байгаа бөгөөд цаашлаад зургаан сарын туршид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх ёстой гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ