Amnesty International: Украины цэргүүд сургууль, эмнэлэг, орон сууцны хороололд зэвсэг байршуулж байна

Украины цэргүүд дайны хууль зөрчиж, цэргийн техник, зэвсэгийг сургууль, эмнэлэг, орон сууцны хорооллын дунд байршуулж байгаа гэнэ. Энэ талаар олон улсын хүний эрхийг хамгаалах Эмнести Интернэшнлийн тайланд өгүүлжээ.
Ийм тайланг наймдугаар сарын дөрөвний өдөр нийтэлсэн байна. Украины цэргийн энэхүү тактик нь олон улсын хүний эрхийг зөрчиж байгаа бөгөөд иргэний байгууламжуудыг байлдааны бай болгож байна хэмээн Эмнести интернэшнл байгууллага буруутгажээ. Улмаар, Оросын цэргүүд хотуудад цохилт өгсний улмаас энгийн иргэд амиа алдаж, иргэний дэд бүтэц сүйрч байгааг онцолсон байна.
"Хамгаалах байршилд байгаа гэдэг нь Украины цэргийн алба хаагчид олон улсын хүмүүнлэгийн эрхзүйг мөрдөхгүй байж болно гэсэн үг биш. Украины засгийн газар цэргүүдээ суурин газраас нэн даруй татаж эсвэл цэргүүд байгаа газраас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ёстой" гэж Эмнести Интернэшл байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламар мэдэгджээ.
Түүнчлэн Украины цэргийн энэхүү тактик нь Оросын оновчгүй дайралтуудыг зөвтгөхгүй хэмээсэн байна.
Энэ тайлан нийтлэгдсэний дараа Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Михаил Подоляк Эмнести Интернэшнлийг буруутгаж, тэднийг Оросын худал мэдээ, суртал ухуулгын аянд оролцож байна хэмээн мэдэгджээ.
"Украинчуудын амь насанд аюул заналхийлж буй цорын ганц зүйл нь үй олноор хөнөөхийн тулд Украинд ирсэн арми, хүчирхийлэгчид, зандалчид юм. Манай хамгаалагчид гэр орноо, гэр бүлээ хамгаалж байна. Украины хувьд хүний амь нас нэн чухал, тиймээс бид суурин газрууд, фронтын ойролцоох хүн амыг нүүлгэн шилжүүлж байгаа" хэмээн Подоляк мэдэгджээ.
Түүнчлэн, барууны ертөнцөд Украины зэвсэгт хүчний нэр төрийг унагахын тулд Орос улс ихээхэн хүчин чармайлт гаргаж байна, Эмнести Интернэшнл шиг байгууллага үүнд нь оролцож байгаа нь ичгэвтэр хэмээн онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ