Венесуэлд Ерөнхийлөгчийн аминд халдахыг завдсан 17 хүнд ял оноожээ

2018 онд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдах оролдлого гарсан гэнэ. Энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал өндөрлөж, хэрэгтнүүдэд ял оноосон талаар Коммерсант мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдсан хэрэгт 17 хүн сэжигтнээр татагдаж, тэд бүгд хорих ял сонссон байна. Тэдний 12 нь дээд хэмжээ буюу 30 жилийн хорих ял сонссон бол тав нь 24, 20, 16, таван жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
Ерөнхийлөгч Мадурогийн амь насанд халдах оролдлого 2018 оны наймдугаар сарын дөрөвний өдөр гарсан байна. Тухайн үед тэрбээр парадад оролцож байхад дэлбэрэх төхөөрөмж бүхий хоёр дрон Мадуро руу ойртон иржээ. Харин Ерөнхийлөгчийн хамгаалалтын мэргэн буудагчид дронуудыг нисэж явахад нь буудан устгасан байна.
2020 оны тавдугаар сард Венесуэлд Николас Мадурог хөнөөхийг завдсан гэх Америкийн хөлсний хоёр этгээдийг саатуулсан гэнэ. Үүний дараа хэргийн хүрээнд дахин 13 хүнийг баривчилжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ