WP: ОХУ Украины 12 их наяд долларын өртөг бүхий орд газрыг эзэлсэн
2022-08-11

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаалыг энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр өгснөөр Орос, Украины хоорондын дайн эхэлсэн юм. 

 

Дайн эхлээд бараг хагас жил орчим өнгөрч буй энэ хугацаанд ОХУ ашигт малтмалаар баялаг нутаг дэвсгэрүүдэд тавих хяналтаа өргөжүүлсэн, Украинд байх, нийтдээ 12,4 их наяд доллараар үнэлэгдэх нүүрс, газрын тос, хий, металлын орд газруудад ОХУ хяналтаа тогтоосон гэнэ. Ийм мэдээллийг SecDev хэмээх Канадын компанийн явуулсан судалгаан дээр үндэслэн The Washington Post сонин дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Украинд титан, төмрийн хүдрийн асар их нөөц, лити, нүүрсний орд газрууд байх бөгөөд эдгээр нь олон их наяд долларын өртөгтэй аж. ОХУ эзэлсэн нутаг дэвсгэрээ өөрийн мэдэлд бүрэн оруулвал Украин орд газруудынхаа гуравны хоёрыг алдана гэж WP онцолжээ. 

 

Одоогоор 12,4 их наяд доллараас багагүй үнэлгээтэй орд газрууд, металл, ашигт малтмалууд бүхий газар нутгийг оросууд хянаж байгаа аж. ОХУ Украины нийт нүүрсний ордын 63 хувь, газрын тосны ордын 11 хувь, байгалийн хийн орд газрын 20 хувь, металлын ордын 42 хувь, газрын ховор металл болон бусад чухал ашигт малтмалын орд газруудын 33 хувийг эзэлжээ.

 

Эдгээр орд газрын зарим хэсгийг 2014 онд буюу Крымийг эзлэн түрэмгийлж, Донбассд дайн эхлэх үед л эзэлсэн байсан гэнэ. Улмаар хоёрдугаар сард Украин руу түрэмгийлж эхэлснийхээ дараа эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрийнхээ талбайг тасралтгүй нэмсээр байгаа аж.

 

SecDev компанийн судалгаа болон Украины уул уурхай, төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудын мэдээлснээр, оросууд нүүрсний 41 орд газар, байгалийн хийн 27, пропаны 14, газрын тосны ес, төмрийн хүдрийн зургаа, титаны хүдрийн хоёр, литийн хоёр, ураны нэг, алтны нэг орд газрыг тус тус эзлэн авсан байна.

 

Ийнхүү оросуудад түүхий эдээ алдаж, дэд бүтэц нь сүйрснээр Украины эдийн засгийн хувьд ноцтой хохирол дагуулна гэж шинжээчид үзэж байгаа юм. Оросууд ийнхүү ашигт малтмалын орд газрыг эзэлсний зэрэгцээ дайн эхэлснээс хойш Украины гол боомтуудыг хаасны улмаас тус улс үр тариа нийлүүлэх боломжгүй болсон нь нэг талаас Украины эдийн засагт, нөгөө талаас Украины нийлүүлэлтээс хамаарах олон оронд хүнсний хямрал үүсгэх эрсдэлийг бий болгож байв. Улмаар сөргөлдөгч талууд болон олон улсын оролцоотойгоор Украины боомтуудыг нээх хэлэлцээр хийж, одоо Украины боомтуудаас ачаа ачсан хөлөг онгоцууд ээлж дараалан замдаа гарч байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оросууд Крымийн гүүрээр битүү цувцгааж байна. Гэр рүүгээ шүү хүмүүсээ. Байдал яаж эргэснийг ойлгоцгоожээ
2022-08-11
Дээрэм л дээ
2022-08-11