Эстонид Т-34 танкийн хөшөөг буулгав

Эстонийн Нарва хотод байх Т-34 танктай хөшөөг эрх баригчдын шийдвэрээр буулгаж, танкийг Эстонийн цэргийн музей рүү илгээжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
Германы цэргүүдээс хотыг чөлөөлсөн Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг буулгах үед цагдаа, тусгайгийнхан хамгаалалтад гарчээ. Иргэд, сэтгүүлчдийг тухайн нутаг дэвсгэрээс гарахыг хүсч, мөн ойролцоох автомашины хөдөлгөөн, машин зогсохыг хориглосон байна.
Эстонийн Ерөнхий сайд Кая Калласын өгүүлснээр Зөвлөлтийн үеийн өнгөрсөн үйл явдлыг Эстони дотор сөргөлдөөн үүсгэхэд Орос ашиглах боломжийг олгохгүйн тулд хөшөөг буулгах шийдвэр гаргасан гэнэ.
ОХУ Украинд дайн өдүүлсэнтэй холбоотойгоор дэлхийн олон оронд Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалыг эсэргүүцэж, нийгэм талцаж байгаа энэ үед Эстонид ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргасан гэж Гадаад хэргийн сайд Урмас Рейнсалу мэдэгджээ.
Энд дуулгахад, Эстонийн засгийн газар наймдугаар сарын эхээр шийдвэр гарган, олон нийтийн газраас Зөвлөлтийн үеийн бүхий л хөшөө дурсгалыг холдуулах шийдвэр гаргасан юм. Эстонид Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгал 400 орчим байдгийн нэг нь Т-34 танк бөгөөд энэ улсад амьдардаг орос хэлтнүүд хөшөөг буулгаж, Цэргийн музей рүү илгээхийг эсэргүүцэж байжээ. Зөвлөлтийн цэргүүд Гитлерийн цэргүүдийн бэхлэлтийг 1944 онд сэтэлсэн газарт буюу Нарва хотын ойролцоо 1970 онд Т-34 танктай хөшөөг байрлуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ