Зеленский: Оросын иргэдийг ЕХ руу зорчихыг хориглох нь хамгийн сайн хориг

ОХУ Украинд дайн дэгдээснээсээ хойш Украины хэд хэдэн газар нутгийг эзлэн авч, эдгээр нутаг дэвсгэр дээр ОХУ-д нэгдэх олон нийтийн санал асуулга явуулахаар зэхэж байгаа юм. Ийм нутгийн нэг нь Херсон бөгөөд энэ мужид олон нийтийн санал асуулга нэртэй хуурамч үйл ажиллагаа зохион байгуулахаас сэргийлэхийн тулд ОХУ-ын эсрэг хориг тавихдаа "хатуу, бодит алхам" хийх ёстой гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үзэж байгаа аж.
Түүний үзэж байгаагаар, ОХУ-ын бүх иргэнийг Европын холбоо руу нэвтрэхийг хориглох нь "хамгийн сайн хориг" болж чадах гэнэ. Зеленский Вашингтон Пост сонинд ярилцлага өгөхдөө ийнхүү ЕХ руу оросуудыг нэвтрүүлэхгүй байхыг шаардсан байна. Энэ ярилцлагын хэсгийг Вашингтон Пост сонин нийтэлжээ.
"Оросууд бусдын нутаг дэвсгэрийг булааж байгаа тул хилээ хаах нь хамгийн чухал хориг гэж би анхнаасаа л ярьж байсан. Тэд философио өөрчлөх хүртлээ өөрсдийн ертөнцөд л амьдарч байга. Улс орнууд хилээ хааж, эрчим хүчний түүхий эдэд хориг тавих ёстой. Бусад хориг бол нэг их хүчтэй үйлчлэхгүй. Одоо эрчим хүчний түүхий эдэд бүрэн хориг тавиагүй, хилээ ч хаагаагүй байгаа" хэмээн Зеленский өгүүлжээ.
"Тэр цагт л тэд ойлгоно"
ОХУ-ын иргэдийн хүүхдүүд хилийн чанадад дунд болон их дээд сургуульд суралцсаар байгааг Украины Ерөнхийлөгч онцолжээ.
"Тэд Оросруугаа яваг. Үүнд аймшигтай юм огт байхгүй. Тэр цагт л тэд ойлгоно" хэмээн Зеленский өгүүлсэн байна.
Мөн өнөөгийн дайны хариуцлагыг бүгд хүлээх ёстой гэж үзэж байгаагаа Зеленский илэрхийлжээ.
"Тэд өөрсдөө л энэ хүмүүсийг сонгосон. Харин одоо тэдэнтэй тэмцэхгүй, маргахгүй, тэдэн рүү хашгирахгүй байна. Олон нийтийн өмнө дайныг эсэргүүцэж байгаа орос хүн тун цөөн, тэд одоо шоронд байгаа. Ийм байгаа юм чинь оросууд гэртээ, Оросруугаа л явсан нь дээр" гэж Украины Ерөнхийлөгч өгүүлжээ.
"Путин гагцхүү иргэдийн зүгээс ирэх дарамтаас л айна "
Улс орнууд хилээ хаах нь Владимир Путинд нөлөөлөх цорын ганц арга гэж Зеленский үзэж байгаа аж. ОХУ-ын иргэдийн зүгээс аюул занал ирж байгаа эсэхээс л Оросын төрийн тэргүүний амь амьдрал хамаарна гэж Зеленский өгүүлжээ.
Оросын иргэдийг ЕХ руу нэвтрүүлэхгүй байх нь "хамгийн ойлгомжтой", "маш энгийн" хориг гэж Украины Ерөнхийлөгч үзэж байгаа юм байна.
"Хилээ л хаачих, тэгээд үр дүнг нь та нар харна" хэмээн Украины Ерөнхийлөгч Зеленский Вашингтон пост сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Энд дуулгахад, Украины удирдлагууд ийнхүү уриалсны хариуд зарим орон Оросын иргэдэд олгох визээ хязгаарлахаар болсон юм. Эстони улс энэ сарын 18-наас эхлэн Эстониос авсан Шенгений визтэй Оросын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй гэсэн бол Финланд улс ирэх сараас эхлэн Оросын иргэдэд аяллын виз олгохоо цөөрүүлнэ хэмээн мэдэгдсэн. Мөн Латви, Литва улс ч визний тал дээр хязгаарлалт тавихаар болсноо мэдэгдсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ