Шинзо Абэг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслолд 6000 хүн оролцоно

Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслолд олон зуун гадаадын төлөөлөгч зэрэг нийт 6000 хүн оролцоно гэж Nikkei Asia сонин мэдээлжээ.
Энэ ёслолд оролцож, эмгэнэл илэрхийлэхээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Док Су, Германы канцлер асан Ангела Меркель, Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах нар Токиод очих гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп оршуулах ёслолд оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч Япон улс хувь хүмүүст биш харин тухайн оронд хандан урилга илгээсэн тул ямар төлөөлөгч илгээхээ Ерөнхийлөгч Жо Байден шийдэх ёстой аж.
Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслол есдүгээр сарын 27-ны өдөр Токио хотын Nippon Budokan спорт цогцолборт болох юм байна. Үүнээс өмнө, долдугаар сарын 12-ны өдөр Абэгийн гэр бүл, найз нөхөд болон олон мянган япон хүн цуглан Шинзо Абэг сүүлчийн замд нь үдсэн юм.
Энд дуулгахад, Абэд Японы төрийн хамгийн дээд шагнал болох Шиваантигийн одонг нэхэн олгохоор болжээ. Энэ шийдвэрийг Сайд нарын танхимын хурлаар гаргасан байна. Японд энэ одонг тун ховор олгодог бөгөөд ердөө 14 хүн энэ одонгоор шагнуулж байжээ.
Эргэн сануулахад, Шинзо Абэ долдугаар сарын наймны өдөр Нара хотод гудамжинд үг хэлж байхдаа халдлагад өртсөн. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч тэрбээр сэхэл авалгүй хэдэн цагийн дараа таалал төгссөн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ