ОХУ-д дахин нэг зэвсгийн агуулахад гал гарчээ

Оросын Белгород мужид зэвсгийн агуулахад гал гарчээ. Энэ талаар тус мужийн захирагчаас авсан эх сурвалжтайгаар Интерфакс мэдээлсэн байна.
"Валуйск хотын тойргийн Тимоново сууринд зэвсгийн агуулах шатсан. Сүүлийн үеийн мэдээллээр, энэ гал түймрийн улмаас хүн гэмтэж бэртээгүй. Тойргийн тэргүүн Тимоново болон Солоти суурингуудын оршин суугчдыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж байгаа. Хэргийн газарт шуурхай албад ажиллаж байна. Гал гарсан шалтгааныг удахгүй тодруулна" хэмээн Белгород мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгджээ.
Өмнө нь мөн л энэ мужид дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Старая Нелидовка сууринд зэвсгийн агуулах шатаж байлаа. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Крымд байх цэргийн нисэх буудал дээр дэлбэрэлт, гал түймэр гарч байв. Энэ галыг хорлон сүйтгэх ажиллагаа байсан гэж ОХУ-ын БХЯ мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ