Япон алсын тусгалтай пуужин олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байна

Япон Улсын Батлан хамгаалах яам 2023 оны санхүүгийн жилийн төсвийн төсөлд алсын тусгалтай "Standoff" төрлийн пуужинг олноор үйлдвэрлэх санал оруулахаар төлөвлөж байгаа талаар Асахи сонин мэдээлжээ. Энэ пуужин Засгийн газрын "сөрөг довтолгооны чадавх"-тай байх асуудалтай холбоотой гэдгийг ажиглагчид онцолсон байна.
"Standoff" гэдэг нь "зайнаас" гэсэн утгатай бөгөөд бусад улсын радар, пуужингийн хүчин чадал сайжирч буйтай холбоотойгоор дайсны тусгалын гадна, аюулгүй газраас дайсны довтолгоог таслан зогсооход "Standoff" пуужингууд гол үүрэг гүйцэтгэх аж.
Япон Улс дайсны хөлөг онгоцыг эсэргүүцэх "12” загварын "газар-хөлөг онгоц" ангиллын залуурт пуужинг сайжруулах хувилбарыг авч үзэж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. Энэ пуужингийн одоогийн хувилбар нь 200 орчим километрийн тусгалтай, харин үүнийг сайжруулан, тусгалыг 1000 орчим километр болгон нэмэгдүүлэх зорилготой аж. Мөн эдгээр пуужинг тээврийн хэрэгслээс гадна тэнгисийн цэргийн хөлөг онгоц, нисэх онгоцонд суурилуулан харвах боломжтой байхаар шийдвэрлэж байгаа бөгөөд нэн тэргүүнд тээврийн хэрэгслээс харваж болох хувилбарыг боловсруулах ажлыг түргэсгэж, олноор үйлдвэрлэх зардлыг төсөвт тусгахаар төлөвлөж байгаа хэмээн Асахи сонин мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ