АНУ-ын Бүгд Найрамдах Нам: Байден 19 сар ажиллахдаа гурван сард нь амарсан

АНУ-ын Бүгд Найрамдах Нам тус улсын Ерөнхийлөгч Жо Байденыг хангалттай ажиллаж чадахгүй байгаа хэмээн шүүмжилжээ.
Тодруулбал, 2022 онд Жо Байден 93 өдөр амарсан, 2021 оны нэгдүгээр сард ажилдаа орсноосоо хойш 228 өдөр амарсан гэж Бүгд Найрамдах нам мэдэгдсэн байна.
"Америкчууд түүхэнд тохиож байгаагүй өндөр инфляци, эдийн засгийн уналт, бензиний үнийн өсөлтөөс болж зуны аяллуудаа цуцалж байхад Байден энэ сарын ихэнх хугацаанд нь амарлаа. Байден наран шарлагын газраар нисэхээ больж, өөрийнхөө үүсгэсэн хямралыг зохицуулахад анхаарлаа хандуулах ёстой" хэмээн АНУ-ын Бүгд Найрамдах Намын мэдэгдэлд өгүүлжээ.
Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Байден наймдугаар сарын 10-ны өдөр амралтаа авч, Өмнөд Каролина мужийг зорьжээ. Үүнээс өмнө тэрбээр коронавирусийн халдварын улмаас өөрийгөө тусгаарласан байсан аж. Ингээд наймдугаар сарын 16-ны өдөр Өмнөд Каролинагаас нэг өдрийн хугацаатайгаар Цагаан ордонд эргэн ирж хуульд гарын үсэг зураад, Делавер муж руу явсан бөгөөд тэндээ наймдугаар сарын 24-ний өдрийг хүртэл амрах гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ