ОХУ Украинд өдүүлсэн дайнд шархдаж, олзлогдоод дараа нь чөлөөлөгдсөн Украины гурван цэрэг оросуудыг тамлалт, сэтгэлзүйн дарамт үзүүлсэн хэмээн буруутгажээ. Энэ талаар "Америкийн дуу хоолой" станц мэдээлсэн байна.
"Азовсталь" ган цутгамлын үйлдвэрт олон хоног хоргодож, дайтаж байсан цэргийн алба хаагчид Киев хотноо хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Энэ үеэр тэд мэдэгдэл хийхдээ Оросын цэргүүд Украины цэргийн алба хаагчдыг энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөхийг тулгаж байсан хэмээн онцолсон байна.
"Би хөлөө тайруулсныхаа дараа эм ууж эхлэхээс өмнө л намайг байцааж эхэлсэн. Тэнд байсан залуусыг оросууд тамлаж байлаа. Заримынх нь шарханд зүү зоож, заримыг нь усаар тамлаж, өөр нэгэнтэй нь зүй бус харилцаж байсан" хэмээн "Азовсталь" үйлдвэрээс олзлогдож байсан Украины цэргийн алба хаагч Владислав Жайворонок өгүүлжээ.
Тэрбээр ОХУ, Украин олзлогдсон цэргүүдээ солилцох үед чөлөөлөгдсөн цэргүүдийн нэг бөгөөд Украины "Азов" гвардын хороонд алба хааж байсан аж. Түүнтэй хамт чөлөөлөгдөж байсан Денис Чепуркогийн өгүүлснээр, тэрбээр Донецк улсын шоронд хоригдож байжээ.
"Тэд биднийг командлагчдынхаа эсрэг мэдүүлэг өг, хот бөмбөгдсөн гэж хэл гэж шаарддаг байлаа. Тэд бүх бурууг бидэн рүү тохох хүсэлтэй байсан. Би ингэж хэлэхгүй гэхэд намайг саваагаар зодсон. Би ямар ч мэдүүлэгт гарын үсэг зураагүй" хэмээн Денис Чепурко өгүүлжээ.
Мөн л олзонд байгаад суллагдсан Дмитрий Усиченкогийн өгүүлснээр "энгийн иргэдийг хөнөөсөн гэж хэл" хэмээн шаардаж байсан гэнэ.
Г.Бямбасүрэн