АНУ-ын 50 мужид бүгдэд нь сармагчны цэцэг өвчин илэрчээ

АНУ-ын бүх, 50 мужид сармагчны цэцэг өвчин илэрсэн талаар Америкийн АВС News суваг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ өвчний тохиолдол илэрсэн хамгийн сүүлийн муж нь Вайоминг болсон байна.
АНУ-д сармагчны цэцэг өвчний тохиолдол нийт 14 115 бүртгэгджээ. халдвар авсан хүмүүсийн 41 хувь нь 31-40 насныхан байгаа бол нийт халдвар авсан хүмүүсийн 99,1 хувь нь эрчүүд байгаа гэнэ. Энэ өвчний халдварын тохиолдол хамгийн ихээр бүртгэгдсэн газар нь Нью-Йорк бөгөөд энд 2744 тохиолдол батлагджээ.
Энд дуулгахад, сармагчны салхин цэцэг өвчин нь ихэвчлэн Африк тивд тархдаг бөгөөд Европт дэгдэх болсны шалтгааныг олохоор эрдэмтэд ажиллаж байгаа аж. Энэ өвчин салхин цэцэгтэй адилхан гэнэ. Сармагчны салхин цэцэг өвчнийг нэг мөр дарсан гэж 1980 онд албан ёсоор зарлаж байжээ
Сармагчны салхин цэцэг өвчин туссан үед биеэр идээт батга, цэврүү бүхий тууралт гардаг аж. Энэ тууралт хэсэг хугацааны дараа арилсан ч хүний бие дээр бүх насаар нь арилахааргүй сорви үлддэг гэнэ. Тууралт нь өвчний хүндрэлээс хамаарч харилцан адилгүй. Гурваас, дөрвөн долоо хоногийн дараа өвчин эдгэрдэг энэ өвчний далд үе нь 7-21 хоног байдаг бол халдвар авснаас хойш ихэвчлэн 10-14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрдэг юм байна. Халдвар авсны дараа толгой өвдөх, булчин, нуруугаар өвдөх, нозоорох, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж. Маш ховор тохиолдолд, ихэвчлэн бага насны хүүхэд энэ өвчний улмаас энддэг гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ