Латвид Зөвлөлтийн хөшөөг буулгах үеэр эсэргүүцэл үзүүлсэн 14 хүн саатуулагджээ

Латвийн Рига хотод байх Ялалтын цэцэрлэгт хүрээлэн дэх Зөвлөлтийн дайчдын хөшөөг буулгах үеэр 14 хүн саатуулагджээ. Тэд хууль сахиулах байгууллагын ажилтнуудын шаардлагыг биелүүлээгүйн улмаас саатуулагдсан гэж цагдаагийн газар мэдээлснийг Delfi дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын 23-ны үдэш гартаа цэцэг барьсан хүмүүс цэцэрлэгт хүрээлэнд цуглажээ. Харин тэднийг цагдаагийнхан хөшөө рүү ойртуулаагүй тул ойролцоох талбай дээр цэцэг тавих гэсэн ч мөн л хориглосон байна. Ингээд шөнийн цагаар хөшөөний орчимд цуглах хүмүүсийн тоо нэмэгдэж, зарим нь "Катюша" дууг дуулж байсан гэнэ.
Энэ эсэргүүцлийн арга хэмжээний үеэр зарим жагсагчид хөшөө рүү ойртох гэсэн ч цагдаагийнхан зогсоож, улмаар жагсагчдыг тарахыг уриалсан байна. Харин энэ шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцэл үзүүлсэн 14 хүнийг цагдаагийнхан саатуулжээ.
Энд дуулгахад, Латвийг Германы фашист эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн дайчдад зориулсан хөшөөг 1985 онд босгож байсан аж. 1996 оноос эхлэн энэ хөшөөг буулгах талаар яриа гарч эхэлжээ. Харин ОХУ Украины эсрэг дайн дэгдээсний дараа л энэ хөшөөг буулгах шийдвэрийг эцэслэн гаргасан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ