Оросын улс төрч Зэвсэгт хүчний нэр төрийг гутаасан хэргээр баривчлагджээ

Оросын Екатеринбург хотын дарга асан Евгений Ройзман баривчлагдсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Түүнийг Оросын армийн нэр хүндийг гутаасан гэсэн эрүүгийн хэрэгт сэжиглэн саатуулсан нь энэ аж.
"Ройзманыг өглөө саатуулсан. Түүний эсрэг Оросын армийн нэр хүндийг гутаасан гэх эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж Екатеринбург мужийн шуурхай алба ТАСС агентлагт өгүүлсэн байна.
Евгений Ройзман олон нийтийн сүлжээнд Оросын армийн нэр хүндийг гутаасан хэргээр Екатеринбургийн шүүх түүнд гурвантаа торгууль оноож байжээ. Нийтдээ 150 мянган рублийн торгууль хүлээсэн байна. Үүнээс өмнө, 2021 онд тэрбээр Москва болон Екатеринбург хотуудад эрх баригчид хориглосон жагсаалуудад оролцсоныхоо төлөө мөн л торгууль хүлээж байжээ.
Евгений Ройзман 2013-2018 оны хооронд Екатеринбург хотын даргын албан тушаал хашиж байгаад дараа нь "Эхо Москвы" радиостанцад ажиллах болжээ.
Энд дуулгахад, ОХУ-ын Ерөнхийлөгч хоёрдугаар сарын 24-ний өдөр тушаал өгч Оросын арми хөрш оронруугаа дайрснаас хойш ОХУ-д тусгай хууль үйлчилж, цэрэг армийн нэр хүндийг гутаахыг хориглож, зөрчсөн хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон юм. Энэ хууль батлагдсанаас хойш олон нийтийн сүлжээ, бусад газруудад дайн эсэргүүцсэн хүмүүсийг ч Зэвсэгт хүчний нэр хүндэд халдсан гэж шийтгэх болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ