Цаг агаарын мэдээлэл буруу өгсөн гэсэн шалтгаанаар ерөнхий цаг уурчийг халжээ

Наймдугаар сарын 20-ны өдөр Унгарт гэгээн Иштваны өдөр гэгдэх үндэсний баяр тохиожээ. Энэ баярыг унгарчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд энэ жил ч мөн Будапешт хотын эрх баригчид хотын оршин суугчид болон зочдоо баярлуулахаар урьд хожид байгаагүй томоохон ёслолын буудлага хийхээр төлөвлөж байсан гэнэ.
Европт хамгийн томд тооцогдоно гэж зарлаж байсан ёслолын буудлагад зориулж 40 мянган пиротехникийн бүтээгдэхүүн худалдан авч, Дунай мөрний эрэг дагуу байршуулсан байна. Гэвч товлосон цагаас хэдхэн цагийн өмнө ёслолын буудлагаа цуцлахаас аргагүй болжээ. Учир нь Унгарын нийслэлд хүчтэй аадар бороо орно гэж цаг уурчид мэдээлсэн тул хотын эрх баригчид оршин суугчдынхаа эрүүл мэндээр дэнчин тавихгүй байхаар шийдэж, ёслолыг цуцалсан байна. Гэсэн ч ямар ч аадар бороо ороогүй гэнэ.
Цаг уурын албаныхны мэдээлснээр "байгаль урьд хожид байгаагүйгээрээ тоглож", аянга цахилгаан бүхий аадрын үүл нийслэлийг тойрон явсан аж. Цаг уурчид ёслолын буудлагыг цуцлуулсныхаа төлөө уучлалт гуйсан ч Технологийн яам цаг агаарын буруу мэдээлэл өгсөн хүмүүсийг шийтгэж, Унгарын ерөнхий цаг уурчийг ажлаас нь халахаар шийджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ