ОХУ Азийн орнуудад газрын тосоо 30 хүртэлх хувиар хямдруулах санал тавьжээ

ОХУ хоёрдугаар сард Украинд дайн өдүүлснийхээ улмаас хоригт орж, улмаар Европын орнууд Оросын газрын тосноос татгалзахаар болсон юм. Ийм нөхцөлд ОХУ газрын тосны борлуулалтын орлогоо хадгалж үлдэхийн тулд Азийн орнууд руу гол анхаарлаа хандуулж байгаа гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, ОХУ Азийн хэд хэдэн оронд хандан газрын тосоо 30 хүртэлх хувийн хямдруулж урт хугацааны гэрээ байгуулах санал тавьсан гэсэн мэдээллийг Блүмберг агентлаг нэрээ нууцалсан албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар дамжуулсан байна. Энэ нь Оросын газрын тосонд үнийн босго тогтоож болзошгүй нөхцөл байдалд саад хийх зорилготой гэж эх сурвалж Блүмберг агентлагт ярьжээ. Оросын газрын тосонд үнийн босго тогтоох санаачилгыг зургадугаар сард G7 дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцэж байсан юм.
Түүнчлэн Европын захиалагчид Оросын газрын тосноос татгалзсан энэ үед ОХУ шинэ худалдан авагч хайх болсон гэж эх сурвалж өгүүлсэн байна.Харин Азийн чухам ямар орнуудад ийм санал тавьсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Гэхдээ хямдрал үзүүлэх санал хүлээн авсан орнуудын тоонд Индонези багтаж байгааг энэ улс өөрөө мэдэгдэж байсан юм. Тодруулбал,Орос газрын тосоо дэлхийн зах зээлээс 30 хувиар бага үнээр нийлүүлэх санал тавьсан гэж Индонезийн Аялал жуулчлалын сайд Инстаграм хуудсандаа бичиж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ